ЦАЛИН, ТЭТГЭВЭР ИНФЛЯЦЫГ ӨДӨӨХ ҮҮ?

img

 

Орлого нэмэгдэхгүй байхад 998 тэрбум төгрөгийн зардал нэмэх нь хэр эрсдэлтэй вэ?

Төсвийн тодотголын төсөлд ахмад настны орлогыг дэмжих, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн зөрүүг арилгах, хүнс болон эрчим хүчний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зэрэг нийгэм, эдийн засгийн хувьд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ. Гэвч эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарах нэг томоохон асуудал нь төсвийн зарлага нэмэгдэж байгаа хэрнээ тэнцвэржүүлсэн орлогыг нэмэгдүүлэх эх үүсвэр тодорхой хэмжээнд хангалттай биш байгаа явдал юм. Ерөнхий аудитор С.Магнайсүрэнгийн танилцуулснаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг нэмэгдүүлэхгүйгээр нийт зарлагыг 998 тэрбум төгрөгөөр өсгөхөөр төлөвлөсөн байна. Үүний үр дүнд төсвийн алдагдал 2 их наяд 48 тэрбум төгрөг, өөрөөр хэлбэл ДНБ-ий хоёр хувьд хүрэхээр байгаа аж. Энэ нь зөвхөн төсвийн тоон үзүүлэлтийн асуудал биш. Төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд бүрдэхгүй тохиолдолд алдагдлыг санхүүжүүлэх дарамт нэмэгдэж, цаашлаад төсвийн тогтвортой байдалд эрсдэл үүсэх магадлалтайг аудитын байгууллага анхааруулжээ.

Аудитаар төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудын зарим шалгуурыг хангасан боловч суурь тэнцэл ДНБ-ий хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байх шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл төсвийн тодотголын төсөлд тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байгаа боловч бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан гэж үзэх боломжгүй гэсэн үг. Энэ нь төсвийн бодлогын хувьд анхаарах дохио юм. Учир нь төсвийн орлого эдийн засгийн өсөлт, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, экспортын орлого зэрэг гадаад болон дотоод олон хүчин зүйлээс хамаардаг. Орлогын төлөвлөгөө тасарсан нөхцөлд нэгэнт нэмэгдүүлсэн зардлыг бууруулахад хүндрэлтэй байх нь ойлгомжтой.

Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин болон суурь тэтгэврийг нэмэгдүүлэх нь нийгмийн хувьд хүлээлттэй, эдийн засгийн хувьд ч тодорхой эерэг нөлөөтэй. Өрхийн орлого өссөнөөр иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэж, дотоодын хэрэглээ сэргэх боломжтой. Ялангуяа ахмад настнуудын орлогыг нэмэгдүүлэх нь өдөр тутмын хэрэглээ, эмчилгээ, хүнсний зардалд шууд нөлөөлөх учраас богино хугацаанд өрхийн санхүүгийн дарамтыг бууруулах ач холбогдолтой. Гэхдээ эдийн засагт нэг талын нөлөө гэж байдаггүйг мартаж болохгүй. Иргэдийн гар дээр очих мөнгө нэмэгдэхийн хэрээр бараа, үйлчилгээний эрэлт өснө. Харин нийлүүлэлт нь энэ өсөлтийг дагаж чадахгүй бол үнэ нэмэгдэх дарамт үүснэ. Тиймээс цалин, тэтгэврийн өсөлт нь нэг талаас өрхийн орлогыг дэмжих боловч нөгөө талаас инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Ялангуяа хүнс, эрчим хүчний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах шаардлагатай зэрэгцэн дотоодын эрэлт нэмэгдэх нь нийлүүлэлтийн талын бодлоготой уялдах шаардлагатайг харуулж байна.

Төсвийн тодотголын зорилго нь нийгмийн тодорхой бүлгийн орлогыг хамгаалах, төрийн албан хаагчдын цалингийн зөрүүг арилгах зэрэг бодит хэрэгцээнд чиглэж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ төсөв бол зөвхөн өнөөдрийн асуудлыг шийдэх хэрэгсэл биш шүү дээ. Өнөөдөр нэмэгдүүлсэн зардал ирэх жилүүдийн төсөвт ямар хэмжээний тогтмол дарамт үүсгэх вэ гэдэг нь хамгийн чухал. Нэг удаагийн зардал болон цалин, тэтгэвэр зэрэг тогтмол шинжтэй зардлын ялгаа энд гарч ирнэ. Нэг удаагийн арга хэмжээг санхүүжүүлэхэд харьцангуй уян хатан байж болох ч цалин, тэтгэврийн нэмэгдэл нь цаашид тогтмол үргэлжлэх зардал болж хувирдаг. Тиймээс орлого нэмэгдээгүй нөхцөлд тогтмол зардлыг нэмэгдүүлэх нь төсвийн дараагийн жилүүдийн орон зайг хумих эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй байна.

Орлого тасарвал ямар хувилбар үлдэх вэ?

Төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд бүрдэхгүй бол төрд үндсэндээ зардлаа танах, алдагдлыг нэмэгдүүлэх, эсвэл нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр хайх гэсэн сонголтууд үлдэнэ. Эдгээрийн аль аль нь эдийн засагт тодорхой өртөгтэй. Алдагдал нэмэгдэх нь өр, зээлийн дарамтыг өсгөж болзошгүй. Харин зардал танах шаардлага үүсвэл төрийн үйлчилгээ, хөрөнгө оруулалт болон бусад хөтөлбөрт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Иймээс төсвийн тодотголын гол сорилт нь иргэдийн орлогыг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ төсвийн сахилга бат, инфляц болон цаашдын өрийн дарамтыг хэрхэн хянах вэ гэдэгт төвлөрч байна. Энэ утгаараа Үндэсний аудитын газрын анхааруулга нь зарлагын өсөлтийг бодит орлогын боломжтой уялдуулах шаардлагатайг сануулсан дохио гэж харж болохоор байна. Төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувьд хүргэхээр төлөвлөсөн энэ удаагийн тодотголын хувьд хамгийн чухал нь нэмэгдсэн зардлыг урт хугацаанд ямар орлогоор тогтвортой санхүүжүүлэх вэ? гэдэг асуудал болоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ