Москвагийн цагдаагийн генерал, шатахуун түгээх компанийн захирлууд бензиний хулгайн хэргээр баривчлагджээ
ОХУ-ын дотоод хэргийн яамнаас Москвагийн хууль сахиулах байгууллагуудын автомашинд зориулсан бензин түлшийг хулгайлсан хэрэгт сэжиглэн цагдаагийн генерал, хоёр ахлах офицер, орон нутгийн шатахуун түгээх компанийн хэд хэдэн захирлуудыг баривчилснаа мэдэгджээ.
Уг хулгайн сүлжээг дотоод хэргийн яамны Москва муж дахь салбарын орлогч даргын албан тушаалд ажиллаж байсан хошууч генерал Сергей Малков, шатахуун түгээх станцын томоохон оператор болох ЕвроТранс компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Игорь Мартышов нар удирдан зохион байгуулсныг илрүүлсэн байна.
Малков болон түүний удирдлагад ажилладаг хурандаа Алексей Суяров, дэд хурандаа Анна Левина нарыг баривчилсны дараа дотоод хэргийн яам тэднийг албан тушаалаас нь чөлөөлжээ.
Мөн ЕвроТранс компанийн бусад гурван захирлыг урьдчилан саатуулах төвд хорьсныг дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ирина Волж мэдээлсэн байна.
Дээрх долоон хүн бүгд их хэмжээний эд хөрөнгө завшсан хэргээр шалгагдаж байгаа бөгөөд ийм хэрэг 10 жилийн хорих ялтай байдаг юм.
Украины агаарын цохилтын улмаас бензин шатахууны хомсдол үүссэн зургаадугаар сард Москва болон түүний ойр орчимд нийт 57 түгээх станц ажиллуулдаг ЕвроТранс компанийг үнэ зохиомлоор өсгөсөн хэрэгт холбогдуулан шалгасны дараа уг хулгай илэрсэн юм байна.
Захирлуудыг нь баривчилсан тухай мэдээ цацагдсаны дараа Даваа гарагт Москвагийн бирж дээр ЕвроТранс компанийн хувьцааны ханш 6 орчим хувиар унажээ.
Украины олон сар үргэлжилсэн агаарын цохилтын улмаас наймдугаар сарын сүүл гэхэд Оросын шатахууны үйлдвэрлэлийн хэмжээ дотоодын хэрэгцээнийхээ 70 хувь хүртэл огцом буурсныг Ройтерс агентлаг саяхан мэдээлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ