ТӨРИЙН ӨМЧ ЦЭГЦРЭХ ҮҮ?
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын бүтцийг цөөлж, заримыг нь нэгтгэн өөрчлөн байгуулах, татан буулгах Засгийн газрын шийдвэр гарав. Энэ шийдвэрийн цаана төрийн өмчийг хэрхэн удирдах, төр бизнесээс ямар хэмжээнд гарах, улстөрийн нөлөөллийг хэрхэн багасгах тухай томоохон өөрчлөлт яригдаж байна.
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 324 дүгээр тогтоол нь долдугаар сарын 2-нд батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчит комданийн засаглалын тухай хуулийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд гарсан. Хуулийн үндсэн зорилго нь төрийн өмчит компаниудын засаглал, хяналт, ил тод байдлыг сайжруулахад чиглэж байна.
Өнөөдөр төрийн өмчит үйлдвэрийн газруудын дунд давхардсан чиг үүрэгтэй, төсвөөс байнга татаас авдаг, хувийн хэвшилтэй ижил төрлийн бизнес эрхэлдэг байгууллагууд цөөнгүй бий. Ийм бүтэцтэй төр цаашид үр ашигтай ажиллахад хүндрэлтэй. Тиймээс шаардлагагүй бүтцийг өөрчлөх, төрийн оролцоог багасгах чиглэл нь зөв алхам. Харин ч олон жил яригдсан реформын нэг хэсэг гэж үзэж болно. Гэхдээ тэдний хөрөнгө хаашаа очих вэ гэдэг сонин байна. Төрийн өмчит байгууллагуудын мэдэлд газар, барилга, тоног төхөөрөмж, лиценз, гэрээ зэрэг их хэмжээний хөрөнгө бий. Байгууллагыг татан буулгасны дараа эдгээр хөрөнгийг шинэ төрийн өмчит компанид шилжүүлэх үү, хувьчлах уу, эсвэл өөр байгууллагад нэгтгэх үү гэдэг шийдвэр олон нийтэд бүрэн ил тод байх шаардлагатай. Хэрэв хуучин байгууллагыг татан буулгаж, оронд нь нэр, бүтэц нь өөр шинэ компани байгуулан, хуучин хөрөнгө болон улстөрийн томилгоог нь үргэлжлүүлбэл реформ биш, зүгээр л төрийн өмчийн хэлбэрийг л өөрчилсөн хэрэг болох биз. Өөр нэг эрсдэл нь ажиллагсдын цомхотгол. Давхардсан орон тоог бууруулах нь зүйтэй ч зөвхөн хүний тоо цөөлснөөр бүтээмж өсчихгүй. Мэргэжлийн боловсон хүчнийг хадгалж, улстөрийн томилгоотой удирдлагын бүтцийг цэгцлэх нь илүү чухал. Тиймээс дээрх реформын жинхэнэ үр дүнг 30 тэрбум төгрөгийн хэмнэлтээр бус улсын төсвөөс гарах татаас хэдээр буурсан, төрийн өмчийн өгөөж хэдээр нэмэгдсэн, улстөрийн томилгоо хэр багассан, төрийн өмчийн шилжилт хэр ил тод явагдсан гэдгээр хэмжих ёстой. Эцсийн дүндээ төрийн өмчит үйлдвэрийн газруудыг цөөлөх нь зөв алхам байж болно. Гэхдээ төрийн өмчийг цэгцлэх нэрээр шинэ улстөрийн томилгоо бий болгож, хөрөнгийг хаалттай шилжүүлэх аваас нийгэмд өгөөж өгөх бус шинэ эрсдэл бий болно гэж харж байна. Тиймээс Засгийн газраас гаргасан энэ шийдвэрийн хамгийн чухал шалгуур нь 30 тэрбумыг хэмнэх биш харин төрийн өмчийг улстөрөөс салгаж, татвар төлөгчдөд илүү их өгөөжтэй болгож чадах уу гэдэг асуулт тавигдах ёстой байх.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ