ХЯТАД-МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН XVI ФОРУМД МСНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Л.НИНЖЖАМЦЫН ХЭЛСЭН ҮГ

img

 

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд, сэтгүүлчид ээ,

Форумд оролцогч эрхэм нөхөд өө...

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтган мэндчилье.

Монгол, Хятад хоёр улс бол бидний олонтаа хэлдгээр уул, усаар холбогдсон мөнхийн хөршүүд, олон зуун жилийн түүхэн харилцаатай орнууд билээ.

Өнөөдөр манай хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа улс төр, эдийн засаг, худалдаа, боловсрол, соёл болон бусад олон салбарт өргөжин хөгжиж байна.

Энэхүү баялаг, олон талт хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, хоёр ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үүрэг оролцоо онцгой чухал гэж үзэж байна.

Учир нь хэвлэл мэдээлэл бол зөвхөн үйл явдлыг мэдээлдэг хэрэгсэл биш юм. Энэ бол хүмүүсийг ойлголцолд хүргэж, харилцан итгэлцлийг бэхжүүлж, хамтран хөгжих боломжийг нээдэг гүүр юм.

Энэхүү гүүрийг улам бэхжүүлэхийн төлөө Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Суртал ухуулгын хэлтэс, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг нэгтгэсэн Хятад-Монголын сэтгүүлчдийн форумыг жил бүр зохион байгуулж ирсэн.

Энэ удаагийн XVI форум БНХАУ-ын ӨМӨЗО-ны төв Хөх хот болон Сычуань мужийн Чэндү хотод болж байна.

Энэхүү форумын хүрээнд хэлэлцэж буй асуудлууд нь Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, сэтгүүлчдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж харж байна.

Миний хувьд өнөөдөр бидний хамтын ажиллагаанд онцгойлон анхаарах дараах гурван чиглэлийг тэмдэглэн хэлмээр байна.

НЭГДҮГЭЭРТ. ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ

Дижитал, цахим мэдээллийн эрин үед хүн төрөлхтөн урьд өмнө байгаагүй их мэдээллийн урсгал дунд амьдарч байна.

Энэ их мэдээллийн урсгалын дундаас үнэн зөв, бодитой, хариуцлагатай мэдээллийг ялган хүргэх нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн хамгийн чухал үүргийн нэг болж байна.

Манай хоёр улсын нийгэм, соёл, улс төр, эдийн засаг, хөгжлийн асуудлуудын талаар үнэн зөв, бодитой, олон талт мэдээллийг олон нийтэд хүргэж чадвал хоёр орны иргэдийн харилцан ойлголцол улам бүр бэхжинэ.

Бодит мэдээлэл нь ойлголцлын үндэс, ойлголцол нь итгэлцлийн үндэс юм.

Тиймээс Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагууд хоёр орны тухай мэдээллийг зөвхөн дамжуулан хүргэхээс гадна тухайн улсын бодит амьдрал, хөгжил дэвшил, иргэдийн амьдрал, соёл, үнэт зүйлсийг харилцан ойлгуулахад анхаарах нь чухал байна.

ХОЁРДУГААРТ. АЖИЛ ХЭРЭГЧ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ

Өнөөдөр Монгол, Хятадын хамтын ажиллагаа эдийн засаг, худалдаа, боловсрол, шинжлэх ухаан, соёл зэрэг нийгэм, ардын аж ахуйн олон салбарт өргөжин хөгжиж байна.

Гэхдээ энэхүү хамтын ажиллагааг хэвлэл мэдээлэл зөвхөн тоо баримт, статистикаар илэрхийлэх нь хангалтгүй.

Бид бодит ажил хэрэг, бодит хүмүүсийн түүх, хамтын амжилтыг харуулсан агуулга бүтээх хэрэгтэй.

Хоёр улсын дамнасан бизнес эрхэлж, хамтран бүтээн байгуулж буй залуус, хамтарсан судалгаа хийж буй их сургуулиуд, эрдэмтэн судлаачид, хоёр орны соёлыг түгээн дэлгэрүүлж буй уран бүтээлчид, мэдлэг боловсрол эзэмшиж буй оюутан залуус бол Монгол, Хятадын хамтын ажиллагааны бодит илэрхийлэл төдийгүй ирээдүйн хөгжлийн гол хөдөлгөгч хүч юм.

Тиймээс тэдний түүх, туршлага, хамтын ажиллагааны үр дүнг олон нийтэд хүргэх нь хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулна.

Сэтгүүл зүй бол зөвхөн үйл явдлыг тоочдог, мэдээлдэг салбар биш.

Сэтгүүл зүй бол бодит түүхийг олж харж, түүнийг олон нийтэд хүргэж, нийгмийг хооронд нь холбодог хүч юм.

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ чиглэлээр хамтран ажилласан олон жилийн туршлагатай. Цаашид энэхүү туршлагаа улам баяжуулж, хамтарсан сурвалжилга, баримтат бүтээл, соёл, түүхийн агуулгатай контент, залуу сэтгүүлчдийн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх өргөн боломж бий гэж харж байна.

ГУРАВДУГААРТ. ИРЭЭДҮЙН ХӨГЖЛИЙН АЛСЫН ХАРААГ ХАМТДАА БҮТЭЭХ

Хиймэл оюун ухаан, дижитал технологи дэлхийн мэдээллийн орчныг үндсээр нь өөрчилж байна.

Ийм нөхцөлд Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагууд зөвхөн мэдээлэл солилцох төдийгөөр хязгаарлагдахгүйгээр шинэ чиглэлүүдэд хамтран ажиллах шаардлага бий болж байна.

Тухайлбал:

• Сэтгүүлчдийн солилцоо;

• Залуу боловсон хүчнийг сургах, хөгжүүлэх;

• Хамтарсан судалгаа хийх;

• Баримт шалгах чиглэлээр туршлага солилцох;

• Дата сэтгүүл зүйг хөгжүүлэх;

• Хиймэл оюун ухааны хариуцлагатай, ёс зүйтэй хэрэглээг төлөвшүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллах боломжтой.ГГ

Эдгээр нь зөвхөн өнөөдрийн хэрэгцээ биш, харин хоёр улсын хэвлэл мэдээллийн салбарын ирээдүйн хамтын хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэлтэй байна.

Энэ хүрээнд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй асуудлыг онцгойлон авч үзэх шаардлагатай.

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын XVII бага хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус хурлаар дэлхийн олон орны төр засаг, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллага, иргэний нийгэм, залуучуудын төлөөлөл цөлжилт, газрын доройтол, усны хомсдол зэрэг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн юм.

Энэхүү олон улсын томоохон арга хэмжээг Монголын болон Олон улсын 700 гаруй сэтгүүлч сурвалжилж, дэлхий дахинд мэдээллээ.

Газар нутгийнхаа ихээхэн хэсэгт газрын доройтол, цөлжилтийн асуудалтай тулгарч буй Монгол Улсын хувьд газар нөхөн сэргээх, тогтвортой менежментийг нэвтрүүлэх, байгаль орчны уян хатан байдлыг бий болгох нь онцгой чухал асуудал болоод байна.

Энэ асуудал зөвхөн Монгол Улсын асуудал биш юм.

Монгол, Хятад төдийгүй дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, усны хомсдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах асуудал тулгамдаж байна.

Энэ чиглэлд хэвлэл мэдээллийн байгууллагууд иргэд, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, экологийн боловсролыг түгээх, байгаль орчноо хамгаалах ухамсрыг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой.

Мод, бут сөөг тарих, газрын доройтлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, ногоон хөгжлийн бодлогыг дэмжих зэрэг бодит үйл ажиллагааг олон нийтэд зөв ойлгуулж, сурталчлан таниулахад хэвлэл мэдээллийн хүчийг ашиглах нь зүйтэй.

Энэ хүрээнд БНХАУ-ын цөлжилтийг сааруулах, газар нутгийг нөхөн сэргээх, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, ногоон бүс байгуулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, бүтээн байгуулалтын ажлуудтай Монголын сэтгүүлчдийг газар дээр нь танилцуулах, сурвалжилга, нэвтрүүлэг, цуврал видео контент бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах саналыг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгчийн хувьд уламжилж байна.

Ингэснээр хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд зөвхөн харилцан мэдээлэл солилцох бус, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудын шийдлийг олон нийтэд хүргэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх чиглэлд бодит хувь нэмэр оруулах боломжтой юм.

Эрхэм мэргэжил нэгт, үзэг нэгт нөхөд өө!

Монголчууд эртнээс нааш “Сайн хөрш холын төрлөөс илүү” хэмээн ярьж ирсэн ард түмэн.

Энэ үг өнөөдрийн бидний хамтын үйл ажиллагааны мөн чанарыг илэрхийлж байна гэж бодож байна.

Сайн хөршийн харилцаа гэдэг нь зөвхөн газар зүйн ойр байдал биш. Харин харилцан ойлголцол, итгэлцэл, хүндэтгэл, хамтын ажиллагаанд тулгуурладаг.

Энэ бүхнийг бэхжүүлэхэд бидний, сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын оруулах хувь нэмэр онцгой чухал юм.

Бидний хамтын ажиллагааны бодит үр дүн нь хэчнээн олон уулзалт, форум зохион байгуулснаар бус, харин хоёр орны иргэдийн харилцан ойлголцол, итгэлцэл, хүндэтгэл болон хамтын хөгжилд хэвлэл мэдээлэл ямар бодит хувь нэмэр оруулснаар хэмжигдэх болно.

Тиймээс Монгол, Хятадын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд бодит мэдээлэл, мэргэжлийн ёс зүй, харилцан хүндэтгэл гэсэн нийтлэг үнэт зүйлдээ тулгуурлан хамтын ажиллагаагаа улам өргөжүүлцгээе.

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын найрамдал, харилцан ойлголцол, хамтын хөгжлийн “гүүр”-ийг хамтдаа улам бэхжүүлэн бүтээцгээе!

Форумын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ