Н.УЧРАЛ С.АМАРСАЙХАНЫГ ЯВУУЛАХ УУ?
Засгийн газрын хувь заяа эмзэг, улс төрийн уур амьсгал ширүүссэн энэ үед Ерөнхий сайд Н.Учрал болон Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нар олон нийтийн сүлжээгээр дамжуулан нэг асуудлаар харилцан байр суурь илэрхийлсэн нь анхаарал татаж байна.
Энэ удаагийн маргаан “Удган” Б.Булнай гэх эмэгтэйн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдээлэл, бичлэгээс эхлэлтэй. Тэрбээр цагдаагийн байгууллагын алба хаагчид өөрийн гэрт очиж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрийг барин дарамт шахалт үзүүлсэн гэх агуулгатай мэдээлэл нийтэлсэн байдаг. Уг мэдээлэлд Ерөнхий сайд Н.Учрал байр сууриа илэрхийлж, цагдаагийн дэд хурандаа энгийн иргэний гэрт очиж, сайдын нэрийн өмнөөс хэрэг наймаалцан дарамталж буй гэх бичлэгийг үзсэнээ дурдсан байна. Тэрбээр ийм асуудлыг үл тоомсорлож болохгүй гэсэн байр суурь илэрхийлжээ. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан уг мэдээллийг эрс няцаасан юм. Тэрбээр өөрийг нь эзгүй хойгуур “гүжир гүтгэлгээр сенсац дэгдээж” байна хэмээн шүүмжилж, өмнө нь долдугаар сард хойд хилд ажиллаж байх үед ч өөрийнх нь талаар гүтгэлэг тарааж байсан гэж мэдэгджээ.
С.Амарсайхан одоогоор эх орныхоо баруун хязгаарт томилолтоор ажиллаж байгаа бөгөөд нийслэлд буцаж ирээд асуудлын талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өгч, баримтад тулгуурлан тайлбар хийхээ мэдэгдсэн байна.
Ийнхүү Засгийн газрын хоёр өндөр албан тушаалтан нэг асуудалд харилцан өөр байр суурь илэрхийлсэн нь зөвхөн тухайн иргэний гомдол, цагдаагийн ажиллагааны асуудлаар хязгаарлагдахгүйгээр улс төрийн хүрээнд анхаарал татах нөхцөл болж байна.
Учир нь энэ үйл явдал МАН доторх улс төрийн байр суурийн зөрчил, эрх мэдлийн хуваарилалттай холбоотой олон мэдээлэл зэрэгцэн гарч буй үетэй давхцаж байна.
Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлгийн 30 гаруй гишүүн Булган аймагт уулзсан талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Уг уулзалтаар Засгийн газрыг огцруулах асуудал яригдсан гэх мэдээлэл гарсан ч С.Амарсайхан өөрөө үүнийг үгүйсгэж, хэн нэгнийг огцруулах тухай яриа хэлэлцээ болоогүй гэж тайлбарласан юм. Харин төсөв, эдийн засаг, эрх зүй, хүний эрх, шударга ёс зэрэг улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг ярилцсан гэж тэрбээр мэдэгдсэн. Энэ нөхцөлд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүн сайдын хооронд олон нийтэд ил болсон ийм зөрүүтэй байр суурь нь улс төрийн хүрээнд “Засгийн газрын доторх зөрчил хэр гүнзгийрсэн бэ?” гэсэн асуултыг дахин тавихад хүргэж байна.
Гэхдээ одоогоор энэ үйл явдлыг МАН-ын дотоод тэмцлийн шууд нотолгоо гэж нэг мөр дүгнэхэд эрт. Харин төрийн өндөр албан тушаалтнууд нэг асуудалд олон нийтэд ил тод, эсрэг байр суурь илэрхийлсэн нь өөрөө улс төрийн хувьд анхаарал татахуйц дохио юм.
Нөгөө талд Хууль зүй, дотоод хэргийн сайдын хариу тайлбар болон Ерөнхий сайдын байр суурийн аль нь бодит баримтаар баталгаажих нь асуудлын цаашдын өрнөлийг тодорхойлох бололтой. Өөрөөр хэлбэл, энэ маргааны гол зангилаа нь улс төрийн тайлбар бус, хэн хэзээ, хаана, ямар үйлдэл хийсэн, ямар үүрэг даалгавраар ажилласан, тухайн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх дээр очиж байна.
С.Амарсайхан өөрөө ч “баримт, бодит мэдээлэлтэй нь тайлбар өгнө” гэдгээ мэдэгдсэн. Тиймээс дараагийн алхам нь сошиал орчны мэдэгдэл бус, холбогдох байгууллагуудын албан ёсны тайлбар, шалгалтын үр дүн, баримтаар хэмжигдэх нь тодорхой байна.
Харин тэр хүртэлх хугацаанд улс төрийн хүрээнд эрх мэдлийн харилцаа эмзэг байгаа энэ үед Засгийн газрын тэргүүн болон түүний танхимын сайдын хоорондын ийм ил тод зөрөлдөөн анхаарлын төвд орж, МАН доторх улс төрийн нөхцөл байдлыг улам бүр ажиглах шалтгаан болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ