О.ЦОГТГЭРЭЛ Н.УЧРАЛЫГ БИШ, МАН-ЫН ДОТОРХ СОНГОЛТЫГ ШАЛГАЖ БАЙНА
Монголын улс төрд жилийн өмнө болсон үйл явдал энэ намар дахин сүүдрээ тусгаж эхэллээ. 2025 оны зургадугаар сарын 3-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөртөө итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг УИХ-д оруулсан. Тухайн үед нууц санал хураалтад 82 гишүүн оролцож, 44 нь дэмжиж, 38 нь татгалзсан ч Үндсэн хуулийн шаардлагаар нийт 126 гишүүний олонх буюу 64 санал хүрээгүй тул тогтоол батлагдаагүй. Улмаар Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцсон юм.
Одоо яг тэр механизм дахин ажиллах гэж буй.
Гэхдээ энэ удаагийн тоглолтын гол асуулт нь “Н.Учрал огцрох уу, үлдэх үү?” гэхээсээ илүү “64 дэх кноп хаана байна вэ?” гэдэг дээр төвлөрч байна.
АН-ын Улс төрийн зөвлөл өчигдөр Ерөнхий сайд Н.Учралд итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-д оруулах байр сууринд нэгдсэнээ мэдэгдэв. О.Цогтгэрэл ч Засгийн газрын төсөв, бодлогын чиглэлд хүчтэй шүүмжлэл тавилаа. Гэхдээ АН өөрөө Н.Учралд итгэл хүлээлгэх тогтоолын төслийг Үндсэн хуулийн 44.1-ийн дагуу шууд оруулж ирэх боломжгүй. Учир нь Үндсэн хуулийн 44.1-д улсын төсөв болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг Ерөнхий сайд өөрөө оруулна гэж заасан. УИХ уг асуудлыг нийт гишүүний олонхын саналаар шийднэ. Тогтоол батлагдвал итгэл үзүүлсэнд тооцно, батлагдахгүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох зохицуулалттай. Тиймээс О.Цогтгэрэлийн өнөөдрийн улс төрийг шууд утгаар нь “итгэл үзүүлэх тогтоол оруулж ирлээ” гэж ойлгох нь эрхзүйн хувьд боломжгүй.
Түүний тавьж буй улс төрийн дарамт нь Н.Учралыг өөрөөр нь тэр хаалгыг нээлгэх оролдлого юм. Өөрөөр хэлбэл Цогтгэрэл Н.Учралд “Хэрэв чи энэ Засгийн газартаа үнэхээр итгэлтэй байгаа бол өөрөө парламентын өмнө орж ирээд 64 кноп нэх. Харин итгэл хүлээлгэхээс зайлсхийвэл бид өөр замаар явна” гэсэн улс төрийн сонголт тулгаж байна. Энэ бол хоёр талдаа эрсдэлтэй шахалт.
126 гишүүнтэй парламентын өнөөгийн харьцаа өөрөө энэ тоглолтыг сонирхолтой болгож байна. МАН 68, АН 42, ХҮН 8, Үндэсний эвсэл 4, ИЗНН 4 суудалтай. Хэрэв АН-ын 42 гишүүн нэг кноп дээр бүрэн жагслаа гэж үзвэл Засгийн газрыг унагаахад дахиад 22 санал хэрэгтэй. Харин 41 гишүүн бодитоор огцруулах бичиг дээр нэгдсэн нөхцөл яригдаж байгаа бол энэ тоо 23 болж өснө. АН-ын бүлэг өмнө нь Н.Учралыг огцруулах асуудлаар гарын үсэг цуглуулж эхлэхээ ил тод мэдэгдэж байсан. Эндээс улс төрийн бодит математик эхэлнэ. АН дангаараа Засгийн газрыг унагааж чадахгүй. Тэгэхээр Цогтгэрэлийн тоглолт зөвхөн Н.Учрал руу чиглэсэн мэт харагдавч үнэн хэрэгтээ МАН-ын доторх кнопын байрлал руу чиглэж байна гэж харагдаж байна. МАН-ын 68-аас 22-23 хүн АН-ын талд очиж байж л Засгийн газрын хувь заяа өөрчлөгдөнө. Энэ бол сөрөг хүчний хувьд амар тоо биш.
Тиймээс 64 кнопыг бодитоор босгох гэдэг огт өөр улс төр.
Л.Оюун-Эрдэнийн кейс...
Тэр үед 82 гишүүн нууц санал хураалтад оролцож, 44 нь итгэл үзүүлэхийг дэмжсэн. Гэхдээ 44 гэдэг нь парламентад хангалттай тоо биш. 64 хүрээгүй учраас Засгийн газар унасан. Тэр өдөр АН-ын бүлэг санал хураалтад оролцохгүй гэдгээ мэдэгдэж, танхимаас гарсан байдаг. Өөрөөр хэлбэл тухайн үеийн улс төрийн тоглолт “хэн олонх вэ?” гэдгээс илүү хэн санал хураалтад оролцох вэ, хэн оролцохгүй вэ, нууц санал хураалтад хэн ямар шийдвэр гаргах вэ гэдэг дээр очсон юм. Энэ удаа Н.Учрал өөрөө итгэл хүлээлгэх тогтоол оруулбал асуудал шууд 64-ийн босготой нүүр тулна. 64 хүрэхгүй бол Засгийн газар унана. 64 хүрвэл Засгийн газар үлдэнэ. Тэгэхээр Ерөнхий сайд өөрөө ийм тогтоол оруулах мөчид улс төрийн санаачилгаа хэсэгчлэн парламентын кнопын гарт өгнө гэсэн үг. Иймээс Н.Учрал яаран энэ замаар орохгүй байж болох нь ойлгомжтой.
ЦОГТГЭРЭЛИЙН ХҮССЭН ТОГЛООМ НЬ “ОГЦРУУЛАХ”-ААС ӨӨР
О.Цогтгэрэлийн хувьд хоёр өөр хувилбар бий. Нэгдүгээрт, Ерөнхий сайдыг шууд огцруулах ажиллагаа явуулах.Үүнд Үндсэн хуулийн 43.1-ийн дагуу нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь буюу 32-оос дээш гишүүн албан ёсоор санал гаргаж болно. Харин эцсийн шийдвэрийг нийт гишүүний олонх буюу 64 ба түүнээс дээш гишүүн дэмжсэнээр гаргана. Үндсэн хуулийн энэ босгыг Үндсэн хуулийн цэц ч мөн тайлбарласан. Хоёрдугаарт, Н.Учралыг өөрөөр нь итгэл хүлээлгэх тогтоол оруулахад хүргэх. Энэ хоёрын ялгаа улс төрийн хувьд асар их. Шууд огцруулах санал тавибал АН өөрөө 64 кноп цуглуулах үүрэгтэй болно. Харин Н.Учрал өөрөө итгэл хүлээлгэх асуудлыг оруулбал Засгийн газар өөрөө 64 кноп цуглуулах үүрэгтэй болно. Энэ бол О.Цогтгэрэлийн өнөөдрийн тоглолтын хамгийн сонирхолтой хэсэг. Сөрөг хүчин өөрийн гараар гох дарах биш, эрх баригчдыг өөрсдөөр нь гох дарахад хүргэх тактик сонгож байна.
Н.УЧРАЛЫН ХАМГААЛАЛТ “АЖИЛ” БОЛЖ ХУВИРЧ ЧАДАХ УУ?
Гэхдээ Н.Учралд огт хамгаалалт байхгүй гэж хэлж болохгүй. Түүний Засгийн газар 2026 оны эхээр байгуулагдаж, 100 хоногийнхоо тайланг долдугаар сард тавьсан. Засгийн газар энэ хугацаанд эдийн засгийн эрх чөлөө, төрийн зохицуулалтыг бууруулах, төрийн өмчит компанийн засаглал, Оюу толгой, төсвийн хэмнэлтийг гол карт болгон гаргаж ирсэн. Нөгөө талд эдийн засгийн дарамт өөрөө Засгийн газрын эсрэг ажиллаж байна. 2026 оны дөрөвдүгээр сард инфляц 10.1 хувьд хүрч, махны үнэ өмнөх оны мөн үеэс 50 гаруй хувиар өссөн гэж Засгийн газар мэдээлсэн. Засгийн газар үүний хариуд 2026 оны төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардал хэмнэх бодлого гаргасан. Харин наймдугаар сарын 31-нд 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн барихдаа 41.3 их наяд төгрөгийн тэнцвэржүүлсэн орлого, 43.6 их наядын зарлага, 2.306 их наяд төгрөгийн алдагдал төлөвлөсөн байна. Тэгэхээр Н.Учралын Засгийн газар өөрийгөө хамгаалах ганц л аргатай. “Надад хийх ажил байна” гэдгээ харуулах. Учир нь улс төрийн тогтвортой байдлыг дан ганц намын дотоод тохироо хамгаалдаг үе өнгөрч байна. Иргэдийн амьдрал дээр юм өөрчлөгдөхгүй бол ямар ч тооны кноп эцэстээ улс төрийн дарамт болж хувирна.
Тэгээд ч одоо анхаарах гол тоо АН-ын 42 биш. МАН-ын 68. Учир нь 42 гишүүн бүгд Н.Учралын эсрэг санал өглөө гэхэд Засгийн газар шууд унахгүй. Харин МАН-ын доторх хэдэн гишүүн “засаг солих” хувилбарыг бодит сонголт гэж үзэх вэ гэдэг л хувь заяаг шийднэ. Энд Ерөнхийлөгчийн байр суурь, МАН-ын дотоод фракцын харилцаа, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх байрлал, 2028 оны парламентын сонгуулийн тооцоо бүгд давхар орж ирнэ.
Тиймээс өнөөдрийн улс төрийг зөвхөн “АН Засгийн газрыг унагах гэж байна” гэж унших нь хэтэрхий гэнэн. АН 64-ийн хаалгыг тогшино. Харин хаалгыг хэн тайлах вэ гэдэг МАН-ын асуудал.
Н.УЧРАЛЫН ХАМГИЙН ХҮНД СОНГОЛТ
Н.Учралын өмнө одоо гурван зам харагдаж байна. Нэгдүгээрт, АН-ын шахалтыг үл тоож, Засгийн газраа үргэлжлүүлэн ажиллуулах. Хоёрдугаарт, тодорхой бодлого, төсвийн асуудлаар өөртөө итгэл хүлээлгэх тогтоол оруулж, парламентаас дахин мандат авах. Гуравдугаарт, Засгийн газрын бүрэлдэхүүн, бодлого, төсөв дээр улс төрийн тохируулга хийж, 64-ийн эрсдэлийг бууруулах. Гэхдээ гурав дахь хувилбар эрсдэлтэй байж мэднэ. Учир нь нэг сайдаа сольж, нэг фракцтай тохирч, нэг намын бүлгийн хэсгийг татах замаар өнөөдрийн 64-ийн асуудлыг шийдэж болно. Харин маргааш өөр 64 гараад л ирнэ. Тэгэхээр Н.Учралын Засгийн газрын жинхэнэ сорилт бол өнөөдөр хэдэн кноптой үлдэх вэ биш яагаад тэдгээр кноп өөрийнх нь талд байх ёстой вэ гэдэгт хариу өгөх явдал.
Н.Учралд итгэл үзүүлэх эсэх тухай асуудал эцсийн дүндээ МАН дотроо хэр зэрэг нэгдмэл хэвээр байна вэ? АН сөрөг хүчний үүргээ хэр зэрэг бодит кноп болгон хувиргаж чадах вэ? Ерөнхийлөгчийн улс төрийн нөлөө парламентын шийдвэрт хэр хэмжээгээр тусах вэ? Нийгмийн бухимдал улс төрийн намын шийдвэрийг дагуулах хэмжээнд хүрсэн үү? гэсэн дөрвөн асуултын зэрэгцэж тавигдаж буй санал хураалт.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ