Их Британийн нэгдэлд аюул учруулж болзошгүй гэрээнд Уэльс, Шотланд, Умард Ирландын удирдагчид гарын үсэг зуржээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Бүгд Найрамдах Ирланд Улсад айлчилсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хоёр Ирландын нэгдэл болон Шотландын тусгаар тогтнолын эмзэг сэдвийг хөндсөн билээ.
Тэгвэл өнгөрсөн даваа гарагт Уэльс, Шотланд, Умард Ирландын удирдагчид Их Британийн Нэгдсэн Хаант улсыг задралд хүргэж болзошгүй гэрээнд гарын үсэг зуржээ.
Өөртөө засах эрх бүхий дээрх гурван бүс нутгийн тэргүүн сайд нар Британийн ерөнхий сайд Энди Бернхэм болон түүний засгийн газарт хандан үндсэн хуулийн өөрчлөлтөд бэлдэхийг уриалж, өөрсдийн ирээдүйг Европын Холбоотой холбон харж байгаагаа уг баримт бичгээр мэдэгдсэн юм.
“Эдгээр арлуудын ард иргэдэд, дэлхий дахинд Уэстминстерийн (Лондон дахь төв засгийн газар) цаг үед төгсгөл ирж буйг харуулсан хамгийн тод илрэл бол энэ үйл явдал юм” гэж санамж бичигт дурджээ.
Уэльс, Шотланд, Умард Ирландын удирдагчид түүхэндээ анх удаа хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан нь энэ юм.
Бернхэмийн хэвлэлийн төлөөлөгч Том Уэллс задралын аюул заналыг үл тоомсорлож, ерөнхий сайд нэгдмэл байдлыг тууштай дэмждэг, үндсэн хуулийн маргаанаас илүүтэйгээр амьжиргааны өртгийг бууруулах асуудал анхаарлын төвд буйг мэдэгдсэн байна.
“Их Британи улс хуваагдал задрал бус, харин нийтлэг үнэт зүйлс болон эрх ашгийг хамгаалах үйлсэд ард иргэд нь нэгдэн нягтрах үед л хамгийн хүчирхэг байдаг билээ” гэж тэр хэлжээ.
Глазгоугийн Их сургуулийн олон нийтийн бодлогын төвийн захирал Никола МакЭвен энэхүү дээд хэмжээний уулзалтыг бэлгэдлийн чанартай, хууль эрх зүйн ямар нэг ач холбогдолгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Гэвч 2016 онд Их Британи улс Европын Холбооноос гарсны дараа Шотландын тусгаар тогтнолын үзэл нэмэгдсэн гэж судлаачид үзэж байна.
Шотландын Үндэсний Намын удирдагч Свинни хэрвээ Их Британийн засгийн газар дахин санал хураалт явуулахыг зөвшөөрвөл сонгогчид тусгаар тогтнолын төлөө саналаа өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ.
Умард Ирландад гучин жил үргэлжилсэн шашин, улс төрийн мөргөлдөөнийг 1998 оны “Good Friday” гэрээгээр зогсоож байв.
Хэрвээ олон нийтийн дунд тусгаар тогтнолыг дэмжсэн уур амьсгал нэмэгдвэл санал хураалт зохион байгуулахаар уг гэрээнд заасан байдаг. Гэхдээ Их Британийн эрх баригчид одоогоор уг нөхцөл хангагдаагүй гэж үздэг юм.
Хэрвээ нөхцөл бүрдвэл Умард Ирландаас гадна мөн Бүгд Найрамдан Ирланд Улс дотроо санал хураалт зохион байгуулах хэрэгтэй болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ