ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА ТӨРӨӨСӨӨ ТУСДАА БОЛСОН УУ?

img

 

ХЗДХ-ийн сайдын тавьсан асуудал авлига, албан тушаалын маргаанаас давж, Үндэсний аюулгүй байдлын түвшинд шалгах хэмжээнд хүрэв

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өчигдөр /2026.09.16/ нэгэн ноцтой мэдэгдэл хийлээ.

Тэрээр өөрийнх нь эсрэг Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхой албан тушаалтнууд нэгдэж, зохион байгуулалттай ажиллагаа явуулж байна гэж мэдэгдсэн төдийгүй хууль бус ажиллагаа, авлига, хулгай, дээрэм, хар тамхи, цахим залилантай тэмцэх үүрэг өгснийх нь дараа өөрийнх нь эсрэг “бүлэглэсэн” ажиллагаа эхэлсэн гэх агуулгыг хэлэв.

Өөрөөр хэлбэл, ХЗДХ-ийн сайд өөрөө салбарынхаа хууль сахиулах байгууллагуудын тодорхой удирдлагыг төрийн бодлогын эсрэг ажиллаж байна гэж олон нийтэд зарлалаа. ХЗДХ-ийн сайд бол Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон салбарын бусад хууль сахиулах байгууллагын бодлого, удирдлагын тогтолцооны дээд түвшний улс төрийн хариуцагч. Хэрэв сайдын хэлсэн зүйл үнэн бол А.Намсаманд, С.Амарсайхан хоёрын хэн нь үнэн яриад байна вэ гэдгээс хэд дахин том асуудал босож мэдэхээр байна. Асуудал нь төрийн хүч хэрэгжүүлэгч байгууллага өөрийн улс төрийн удирдлагаас тусдаа эрх мэдлийн төв болон хувирсан эсэхэд очно.

Салбарын сайдын эсрэг салбарын харьяа байгууллагын удирдлага өөрөө сэмхэн мэдэгдэл гаргасан. ШШГЕГ-ын дарга А.Намсаманд С.Амарсайхан сайдын шахалтаар өөрийн жолоочийн эхнэр, дүүг албан тушаалд томилсон гэх агуулгатай мэдэгдэл хийсэн. Дараа нь С.Амарсайхан үүнийг эсэргүүцээд зогсохгүй ШШГЕГ-ын удирдлагууд өөрийнх нь эсрэг зохион байгуулалттай ажиллагаанд оролцож байна гэж мэдэгдэв. Ингээд нэг байгууллагын удирдлага салбарынхаа сайдын эсрэг, салбарын сайд салбарынхаа удирдлагын эсрэг, улс төрийн өндөр албан тушаалтнууд бие биеэ хууль бус үйлдэлтэй холбон, хэвлэл мэдээллийн хэрэгслээр харилцан мэдэгдэл хийж эхэллээ. Үүнийг төрийн нэг систем дотор хоёр өөр команд аль хэдийнэ үүсжээ гэж дүгнэж болохоор байна.

ХЭРЭВ ХУУЛЬ ХҮЧНИЙХЭН САЙДЫНХАА ЭСРЭГ БҮЛЭГЛЭВЭЛ?

ХЗДХ-ийн сайд хууль сахиулах байгууллагуудаа удирддаг уу, эсвэл хууль сахиулах байгууллагын тодорхой удирдлага сайддаа улс төрийн дарамт үзүүлэх хэмжээний бие даасан хүч болсон уу?

Цагдаа, ШШГЕГ, прокурор, шүүх зэрэг байгууллагууд бол зүгээр нэг төрийн байгууллага биш. Тэдэнд хүнийг саатуулах, мөрдөн шалгах, эрх чөлөөг хязгаарлах, ял эдлүүлэх, мэдээлэл цуглуулах, албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэх төрийн хүчний хэрэгслүүд бий. Тиймээс эдгээр байгууллага улс төрийн удирдлагаас ангид байх нь нэг хэрэг. Харин төрийн хууль ёсны институцийн хяналтаас гадуур нэгдсэн улс төр, эдийн засгийн ашиг сонирхлын сүлжээ бий болох нь огт өөр асуудал.

С.АМАРСАЙХАНЫ ДЭЛГЭСЭН 7.9 ТЭРБУМ ТӨГРӨГ

С.Амарсайхан цагдаагийн 777 орчим орон тоо, 13 дахь сарын цалинтай холбоотой 7.9 тэрбум төгрөгийг тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, ШШГЕГ-ын дарга А.Намсаманд нартай холбон ярьсан. С.Амарсайхан ингэж мэдэгдсэн нь баримт. Харин мөнгө хууль бусаар шилжсэн эсэх нь тусдаа шалгах асуудал биз. 7.9 тэрбум төгрөгийн асуудал үнэн зөвөөр тогтоогдвол цагдаагийн байгууллагын хүний нөөц, төсөв, цалин, байгууллагын чадавхтай холбоотой төрийн бодлогын асуудал болох бишүү.

ОРД, АЛТ, МӨНГӨ, ТОМИЛГООНЫ ЦААНА

С.Амарсайхан ШШГЕГ-ын харьяанд байгаа нүүрс, гантигийн ордтой холбоотой асуудлыг мөн ярьсан. Түүний хэлснээр Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа эдгээрийг ашиглахтай холбоотой үүрэг өгсөн аж. Г.Занданшатарын зүгээс уг асуудлыг ашиг хонжоо олох зорилготой бус, ШШГ байгууллагын харьяанд аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжийг судалсан гэж тайлбарласан гэх мэдээлэл бий. Төрийн байгууллагын харьяанд байгаа байгалийн баялаг, хөрөнгийг хэн, ямар эрх зүйн үндэслэлээр, ямар зорилгоор ашиглах гэж байсан бэ? гэдэгт хариулт авмаар байна.

“МАФ”-ЫГ ТӨР ӨӨРӨӨ ШАЛГАХ ЁСТОЙ

С.Амарсайхан “хууль бус ажиллагаа, авлига, хулгай, дээрэм, хар тамхи, цахим залилантай тэмцэх” үүрэг өгсөн тухайгаа ярьж, түүний дараа өөрийнх нь эсрэг зохион байгуулалттай ажиллагаа эхэлсэн гэж мэдэгдсэн. Төрийн өндөр албан тушаалтан хууль сахиулах байгууллагын удирдлагуудыг улс төр, эдийн засгийн ашиг сонирхлын бүлэглэлтэй холбон ярьж байгаа үед үүнийг зүгээр л “улс төрийн хэрүүл” гээд орхиж болохгүй. Нөгөө талаас хууль хүчний байгууллага маф болсон гэх нь өөрөө маш ноцтой мэдэгдэл гэдгийг С.Амарсайхан ч мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Түүнийг ч мөн нотлох, эсвэл няцаах ёстой.

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТҮВШИНД ЯРИХ ЁСТОЙ ЮУ?

Хэрэв ХЗДХ-ийн сайдын хэлсэн зүйлсийн аль нэг хэсэг нь үнэн бол энэ нь зөвхөн ХЗДХЯ-ны дотоод хяналт шалгалтын асуудлаас халих хэмжээнд хүрчихлээ. Учир нь төрийн хүчний байгууллагуудын удирдлага улс төрийн удирдлагаасаа үл хамааран нэгдсэн байдлаар шийдвэр гаргаж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх боломжтой болсон эсэх асуудал яригдаж эхэлнэ. Хэрэв ийм эрсдэл бодитоор байгаа бол төрийн институцийн тогтвортой байдал, хууль дээдлэх зарчим, төрийн эрх мэдлийн хуваарилалт, үндэсний аюулгүй байдлын асуудал мөнөөс мөн.

Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд бодит нөхцөл байдлыг нягтлан шалгах шаардлагатай эсэх асуудал тавигдах нь зүй ёсны. Төрийн хүчний байгууллагууд улс төрийн удирдлага, хууль ёсны хяналтаас тусдаа эрх мэдлийн төв болж хувирсан эсэх гэдгийг төр өөрөө шалгах шаардлагатай болсон гэсэн үг.

Төрийн байгууллагууд төрийн төлөө ажиллаж байна уу, эсвэл өөр өөр эрх мэдэл, ашиг сонирхлын бүлэглэлүүдийн төлөө ажиллаж байна уу? Сайд нь хууль хүчний байгууллагуудаа өөрийнхөө эсрэг зохион байгуулалттай ажиллаж байна гэж мэдэгдэж, харин харьяа байгууллага нь сайдаа хууль бус нөлөөлөл үзүүлсэн гэж буруутгаж байгаа энэ нөхцөлд хэн нь үнэн ярьж байгааг тогтоохоос гадна хүчний байгууллагуудын дотор ямар хяналтын механизм ажиллаж байгааг бүхэлд нь шалгах шаардлага үүсэж байна.

Эцэст нь төрийн эрх мэдлийг хамгийн аюултайгаар ганхуулах зүйл бол төрийн нэрийн өмнөөс хүч хэрэгжүүлэх байгууллага төрийн хяналтаас гарах явдал юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ