ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАНЫГ ЧӨЛӨӨЛӨВ
Улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбарын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болсон гэж Ерөнхий сайд мэдэгдлээ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр буюу есдүгээр сарын 16-ны өглөө Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан болон тус яамны харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдэв. Засгийн газар өнөөдөр 10:00 цагаас ээлжит хуралдаанаа хийхээр товлосон байсан бөгөөд уг хуралдаанаас өмнө Ерөнхий сайд шийдвэрийнхээ талаар олон нийтэд мэдээлсэн байна.
Н.Учрал шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа,
“Төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоотол холбогдох шат, шатны удирдлагуудтай Засгийн газар хамтран ажиллах боломжгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Ингээд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг хамтад нь ажлаас чөлөөлсөн гэж Ерөнхий сайд мэдээлжээ. Гэхдээ одоогоор яг аль байгууллагын ямар албан тушаалтнуудыг хэдийд, ямар шийдвэрээр чөлөөлсөн талаарх бүрэн мэдээлэл олон нийтэд ил болоогүй байна.
Өчигдөр С.Амарсайхан өөртэй нь холбоотой асуудлуудад тайлбар өгсөн
Энэ шийдвэрийн өмнөх өдөр буюу есдүгээр сарын 15-нд ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан сүүлийн өдрүүдэд өөртэй нь холбогдуулан гарч буй мэдээллүүдэд тайлбар өгөх зорилгоор мэдээлэл хийсэн.
Тэрээр өөрийн болон гэр бүлийнх нь нэр хүндэд халдсан мэдээлэл тарааж байгаа талаар гомдол гаргасан тухайгаа хэлээд, өөрийн салбарын харьяа байгууллагуудын удирдлагуудтай холбоотой хэд хэдэн асуудлыг хөндсөн. Үүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагын томилгоо, төсөв хөрөнгө зарцуулалт, цагдаагийн байгууллагын орон тоо, хар тамхитай тэмцэх ажил, хууль бус алт олборлолттой холбоотой асуудлууд байсан юм. С.Амарсайхан мөн Ерөнхий сайд асан Г.Занданшатар болон зарим хууль, хүчний байгууллагын албан тушаалтнуудын нэрийг дурдан тодорхой асуудлуудтай холбон тайлбарласан.
Г.Занданшатар С.Амарсайханы мэдэгдэлд хариу өгчээ
С.Амарсайханы мэдээллийн дараа Ерөнхий сайд асан Г.Занданшатар байр сууриа илэрхийлж, өөрийн нэрийг холбогдуулан ярьсан мэдээллүүдийг няцаасан билээ.
Г.Занданшатарын тайлбараар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа зарим орд, үйлдвэрийн асуудлаар өмнө нь өгсөн үүрэг нь хувьдаа завших зорилготой бус, үйл ажиллагааг сэргээх боломжийг судлах, улсын үйлдвэрийн хэлбэрээр ажиллуулах боломжийг судлах чиглэлтэй байсан гэжээ. Мөн С.Амарсайханыг өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнээс чөлөөлсөн шалтгааныг өөрөөр тайлбарласан байна.
Ийнхүү хоёр талын байр суурь хоорондоо зөрж байгаа бөгөөд Н.Учралын өнөөдрийн шийдвэрийг Ерөнхий сайд өөрөө “яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоох хүртэл” гаргаж буй арга хэмжээ гэж тайлбарлаж байна.
ХЗДХ-ийн салбарын удирдлагын өөрчлөлт юуг дагуулах вэ?
Хууль зүй, дотоод хэргийн салбар нь цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, улсын бүртгэл, хил, иргэний харьяалал зэрэг төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудтай холбоотой учраас сайд болон харьяа байгууллагуудын удирдлагын түвшинд гарсан өөрчлөлт нь салбарын цаашдын удирдлага, томилгоонд шууд нөлөөлөхөөр байна. Одоогоор Засгийн газар ямар албан тушаалтнуудыг шинээр томилох, чөлөөлөгдсөн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагааг хэн хариуцах талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна. Энэ үйл явдал нь өчигдөр ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы хийсэн мэдээлэл, түүнд холбогдох хүмүүсийн өгсөн тайлбарын дараахан өрнөж буй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ