БАЯН-ӨЛГИЙД ҮҮССЭН ТАЛЦЛААР ХЭҮК-Т 17 ГОМДОЛ ИРЖЭЭ
Баян-Өлгий аймагт сүүлийн үед үүсээд буй нийгмийн хуваагдал, үндэстэн хоорондын харилцаатай холбоотой асуудлаар иргэдээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол, мэдээлэл ирүүлсэн байна.
Өгөгдсөн мэдээллээр нийт 15 иргэнээс 17 гомдол, мэдээлэл ирсэн бөгөөд эдгээрт Урианхай, Тува болон Казах иргэдийн хоорондын харилцаа, ялгаварлан гадуурхалттай холбоотой байж болзошгүй нөхцөл байдал, хүний эрхийн асуудлыг хөнджээ.
Баян-Өлгий аймаг дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлыг газар дээр нь үнэлэх зорилгоор ажлын хэсэг ажиллуулж байгаа аж. ХЭҮК өмнө нь ч Баян-Өлгий аймагт хүний эрхийн нөхцөл байдлыг газар дээр нь судлах, хяналт шалгалт хийх чиглэлээр ажлын хэсгүүд ажиллуулж байжээ. Тус аймагт үүссэн нөхцөл байдал сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд орж, цахим орчинд үндэстэн хоорондын харилцаа, ялгаварлан гадуурхалт, орон нутгийн нийгмийн харилцаатай холбоотой харилцан адилгүй байр суурь, мэдээлэл тархах болсон байна. Тухайлбал, есдүгээр сарын эхээр Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандан тус аймгийн казах иргэд нөхцөл байдалд санаа зовниж буйгаа илэрхийлсэн хүсэлт гаргасан талаар мэдээлжээ. Нөгөө талаас, цахим орчинд Урианхай, Тува болон Дөрвөд иргэдийн эрх, ялгаварлан гадуурхалттай холбоотой асуудлыг хөндсөн байр суурь, мэдэгдлүүд мөн гарсан байна. Эдгээр мэдээлэлд дурдагдсан нөхцөл байдал, гомдол, шаардлагуудын бодит үндэслэл болон эрх зүйн зөрчил байгаа эсэхийг холбогдох байгууллагууд шалгаж тогтоох юм.
Иймд цахим орчинд тархаж буй мэдээллийг талуудын байр суурь болон албан ёсны шалгалтын дүнгээс ялган авч үзэх шаардлагатай байна. ХЭҮК-ийн газар дээрх үнэлгээ, хяналт шалгалтын дүн гарсны дараа Баян-Өлгий аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдалтай холбоотой асуудлууд илүү тодорхой болох хүлээлттэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ