И.ТОМОКО “БИ ЧИНГИС ХААНЫГ ҮГҮЙСГЭЭГҮЙ’’
Япон улсын иргэн Томоко Ибикуро сүүлийн өдрүүдэд сошиал орчинд өөртэй нь холбоотойгоор тархаж буй мэдээллүүдийн талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр өөрийн яриаг гуйвуулж, ярилцлагын үеэр хэлээгүй үг, санааг гарчиг болгон түгээж байгаа нь нийгмийн бухимдлыг өөр рүү нь чиглүүлэх оролдлого мэт харагдаж байгааг хэлсэн байна.
Томоко Ибикуро:
“Жилийн өмнө YouTube нэвтрүүлэг дээр Молор-Эрдэнэ доктортой хийсэн яриан дээр Их Монгол улсыг байгуулсан Чингис хааны тухай би бол нэг ч үгүйсгэж яриагүй.”
Түүний хэлснээр, тухайн нэвтрүүлэгт Чингис хааны талаар үгүйсгэсэн байр суурийг С.Молор-Эрдэнэ доктор өөрөө ярьсан бөгөөд үүнийг өөртэй нь холбон тайлбарлаж, олон нийтийн сүлжээнд түгээж байгаа гэв.
Мөн хэдэн жилийн өмнөх ярилцлагынхаа талаар тэрбээр “Ямар ч тэнэг Япон хүн Монголын иргэн болохгүй” гэх мэт гарчиг тавьж, өөрийн хэлээгүй үгийг ярьсан мэтээр олон нийтэд ойлгуулж байгааг шүүмжилжээ.
Томоко Ибикуро:
“Яг тэр ярилцлага дээр тийм өгүүлбэр гараагүй. Яагаад Монголын иргэн болохгүй вэ гэдэг асуултад хариулахдаа ч тийм үг хэллэг хэрэглээгүй.” хэмээн тайлбарласан байна.
Түүнчлэн өөрийг нь зориудаар үзэн ядуулах, нийгмийн бухимдлыг тодорхой нэг хүн рүү чиглүүлэх үйл явц явагдаж байна гэж үзэж байгаагаа илэрхийлээд, улмаар заналхийлсэн агуулгатай сэтгэгдлүүд хүртэл гарч байгааг онцолжээ.
Тэрбээр
“‘Энэ Томоког таарсан газар ална’ гэж бичих хүртэл өдөөж байна. Олон хүмүүс над руу бичиж, санаа зовж байгаагаа илэрхийлж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Тиймээс Томоко Ибикуро сошиалд тархаж буй мэдээлэлд шууд итгэхээс өмнө тухайн ярилцлага, бичлэгийг эх хувиар нь үзэж, яг ямар үг хэлсэн эсэхийг нягталж байхыг олон нийтэд уриалжээ. Тэрбээр “Хийгээгүй, яриагүй зүйлийнхээ төлөө сэвүүлээд байх маш дарамттай байна” гээд өнөөгийн нийгэмд бухимдал, уур уцаар их байгаа энэ үед хүмүүс тайван байж, аливаа мэдээллийг нягталж байхыг уриалжээ. Томоко Ибикуро мөн өөрийг нь дэмжиж, урам өгч буй хүмүүст талархаж байгаагаа илэрхийлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ