ХОЁР ОРНЫ ЦЭРГИЙН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХАМТАРСАН "ГҮҮР-2026" СУРГАЛТ ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

img

 

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны цэргийн инженерүүдийн хамтарсан “Гүүр 2026” сургалт дадлагын хоёрдугаар шат Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн хээрийн усны сургалтын төвийг түшиглэн амжилттай зохион байгуулагдлаа.

Тус сургалт, дадлага нь хоёр үе шаттайгаар зохион байгуулагддаг бөгөөд эхний шат нь Бүгд Найрамдах Солонгос Улсад 06 дугаар сард, хоёр дахь шат нь Монгол Улсад энэ сарын 08-17-ны өдрүүдэд явагдлаа.

“Гүүр-2026” сургалт, дадлага нь хоёр улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, чадавхыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, хоёр улсын цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг зорилго, ач холбогдолтой юм.

Энэхүү сургалт, дадлагаар хоёр улсын цэргийн алба хаагчид гол мөрөн гатлах инженерийн техник төхөөрөмжтэй ажиллах, хөвөгч гүүр тавих болон тэсрэх бодистой тэмцэх, усан эргүүл хийх чиглэлээрх арга ажиллагаанд суралцлаа.

Цаашид хоёр улсын Зэвсэгт хүчний удирдлагаас энэхүү хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж ирэх жилийн “Гүүр-2027” сургалт, дадлагын агуулгыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдын бодит хэрэгцээ, ажиллагааны онцлогт нийцүүлэн өргөжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ