Г.ТЭМҮҮЛЭНГИЙН ТОМИЛГООГ УИХ ДАХЬ “30” ГАЦААХ УУ?

img

 

2026.09.21

Өнгөрсөн Пүрэв гарагт 52 гишүүний ирц дээр гацсан ХЗДХ-ийн сайдын томилгоо өнөөдөр УИХ-ын босгыг давах эсэх нь шийдэгдэнэ. Ерөнхий сайд Н.Учралын шийдвэрээр С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлсэн. МАН-ын Удирдах зөвлөл 9 дүгээр сарын 17-нд Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн. Гэвч улс төрийн шийдвэр гарсан ч парламентад анхны саадтайгаа тулгарсан. Сануулбал 9 дүгээр сарын 17-нд УИХ-ын нэгдсэн чуулган 14:00 цагт хуралдахаар товлогдсон байв. Хэлэлцэх асуудлын эхэнд Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай асуудлыг танилцуулах байсан. Гэвч 126 гишүүнээс ердөө 52 нь бүртгүүлж, ирц 41.3 хувьтай гарсан тул хуралдаан эхлээгүй. Тухайн өдрийн албан ёсны ирцийн мэдээллээр МАН-ын 68 гишүүнээс 44 нь бүртгүүлж,  АН-ын 42 гишүүнээс зөвхөн Д.Ганбат ирсэн. Үлдсэн гишүүдийн дунд эмнэлгийн чөлөөтэй, томилолттой, ердийн чөлөөтэй хүмүүс байсан төдийгүй олон гишүүн тодорхойгүй шалтгаанаар ирээгүй. АН-ын 41 гишүүн ирээгүй ч МАН-ын 24 гишүүн ч ирээгүй. Тиймээс 52 гишүүний ирцтэй үлдсэн Пүрэв гарагийн чуулганыг сөрөг хүчний бойкот гэж тайлбарлахаас илүү парламентын олонх өөрийн олонхийн давуу байдлыг ашиглан ирцийн босгоо ч бүрдүүлж чадаагүйд учир бий. Өөрөөр хэлбэл МАН өөрийн 68 гишүүнээ яагаад танхимд бүрэн авчирч чадаагүй вэ? гэдэг дээр МАН-ын дарга Н.Учралд өгөх дүгнэлт харагдах биз. Точвхондоо 126 суудалтай парламентын 50 хувийн босгыг давуулах хэмжээний ирцийг эрх баригчид өөрсдөө бүрдүүлж чадаагүй нь тэдний дотоод асуудал.

Өнөөдөр /2026.09.21/ Даваа гарагийн 14:00 цагт Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг танилцуулах болон Засгийн газрын гишүүн тангараг өргөх асуудлыг оруулжээ. Тиймээс өнөөдөр Н.Учрал УИХ-д Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдаар томилсон шийдвэрээ танилцуулах боломжтой. Харин парламент ирцээ бүрдүүлж чадах уу гэдэг л гол асуудал байна. Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдааныг МАН доторх улстөрийн тест байжээ ч гэж дүгнэж болох юм.  Парламентын 126 гишүүний 64 нь танхимдаа байж чадах эсэх нь Засгийн газрын томилгоо, төсвийн тодотгол зэрэг дараагийн томоохон асуудлуудыг хэлэлцэх чадавхтай шууд холбогдоно. Г.Тэмүүлэн бол улс төрд шинэ хүн биш. Тэрээр 2006 онд төрийн захиргааны байгууллагад ажиллаж эхэлсэн бөгөөд “Эрдэнэс МГЛ”, “Оюутолгой”-н ТУЗ, Уул уурхайн яамны дэд сайдын түвшинд ажиллаж байсан. 2016 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2022-2024 онд Төсвийн байнгын хороог, 2024 оноос Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог даргалж ирсэн.

ХЗДХ-ийн яам нь цагдаа, дотоодын цэрэг, хил хамгаалалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэл зэрэг дотоод аюулгүй байдалтай холбоотой олон байгууллагыг хариуцдаг. Түүнчлэн хууль эрх зүйн шинэчлэл, хүний эрх, хууль сахиулах байгууллагын удирдлага зэрэг улс төрийн хувьд мэдрэг асуудлууд энэ яаманд төвлөрдөг.

Нөгөө талаас Н.Учралын Засгийн газар С.Амарсайханыг чөлөөлөхдөө ХЗДХ-ийн салбарт үүссэн нөхцөл байдал нь дотоодын аюулгүй байдал болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж тайлбарласан. Мөн холбогдох асуудлуудын үнэн зөвийг тогтоох шаардлагатай гэж Ерөнхий сайд мэдэгдсэн.

Тиймээс Г.Тэмүүлэнгийн өмнө салбарын удирдлага, байгууллагуудын томилгоо, шалгалт, эрх зүйн шинэчлэлийн асуудлууд хүлээж байна.

ХЗДХ-ийн сайдын суудал нэг хүний томилгооноос давж, Засгийн газар парламенттайгаа бодитоор ажиллаж чадаж байна уу, эрх баригч нам доторх шийдвэрээ танхимд авчирч чадах уу, харин сөрөг хүчин парламентын үйл ажиллагаанд ямар байр суурь эзэлж байна вэ гэдгийг харуулах улс төрийн нэгэн сорил үргэлжлэх нь ...

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ