УЛС ТӨРӨӨ БИШ, АЖЛАА ХИЙ
Монголын улс төр дахиад л чөтгөрийн тойрогтоо эргэлдэж байна.
Хэн хэнийхээ талд орсон, хэн хэнтэйгээ тохиролцсон, аль фракц хэдэн гишүүнтэй, Засгийн газар унах уу, үлдэх үү гэдэг яриа хэдэн сарын турш улс орны бодит амьдралаас хэт давса сэдэв боллоо.
Юмны үнэ, өрхийн орлого, цалин, тэтгэвэр, ажил, зээл...
Төрийн ордонд хэн нь хэдүүлээ болж, аль тал нь давамгайлж байгаа нь иргэдийн амьдралын гол асуудал биш. Иргэдэд улс төрийн энэ талцал талх, махны үнэ, шатахууны зардал, цалин орлого, зээлийн дарамтаар мэдрэгдэж байна. Өнөөдөр хамгийн түрүүнд тавих ёстой асуулт бол хэний фракц, аль бүлэглэл дийлэх вэ биш. Төсвөө хэзээ батлах вэ? гэдэг л асуудал байна.
Засгийн газар 2027 оны төсвийн төслөө УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсөлд 2027 оны тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд, зарлагыг 43.6 их наяд төгрөгөөр тооцож, 2.3 их наяд төгрөгийн алдагдал төлөвлөөд буй. Төсөв гэдэг төрийн байгууллага ажиллах эсэх, эмнэлэг санхүүжих эсэх, сургууль мөнгөтэй байх эсэх, төрийн үйлчилгээ хэвийн үргэлжлэх эсэх, цалин тэтгэвэр хэзээ, ямар хэмжээгээр олгогдохыг шийддэг үндсэн механизм.Тиймээс төсөв тойрсон улс төрийн маргаан байж болно. Шүүмжлэл ч байх ёстой. Засгийн газрын оруулж ирсэн тооцоо буруу гэж үзвэл УИХ хэлэлцэж засах бүрэн эрхтэй. Зарим зардлыг танах, заримыг нэмэх, орлого зарлагын тооцоог өөрчлөх шаардлага ч байж болно.
Төсөвт шүүмжлэлтэй хандах эрх УИХ-д бий. Харин хэлэлцэх ёстой асуудлаа улс төрийн тохирооны барьцаа болгох эрх байхгүй. Улс төр бүтэн жил үргэлжиллээ. МАН-ын дотоод талцал, АН-ын улс төрийн шаардлага, жижиг намуудын байр суурь, хэн нь хэнтэйгээ тохирох тухай улс төрийн тоглолт бүтэн жил гаруй үргэлжилж байна. Энэ бүхнийг иргэд өдөр бүр харж байгаа. Иргэд МАН-ын дотоод хуваарилалт, АН-ын улс төрийн тактик, аль фракц хэдэн гишүүнтэй болсныг дагаж амьдралаа төлөвлөхгүй. Тэдний хувьд төрийн шийдвэрийн үнэ цэнэ нь орлого нь нэмэгдэж байна уу, үнэ тогтвортой байна уу, ажлын байр нь хадгалагдаж байна уу, төрийн үйлчилгээ нь хэвийн байна уу гэдгээр хэмжигдэнэ. Улс төрийнхөн үүнийг мартах ёсгүй. Өөрөөр хэлбэл улс төрийнхөн өөрсдийнхөө тоглолтыг “том улс төр” гэж нэрлэж болох ч иргэдийн хувьд түүний үр дүн нь амьдралын өртөг болж бууна.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардал танаж, 11 дүгээр сарын 1-нээс төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх, ахмадуудад суурь тэтгэвэр олгох зэрэг шийдвэрийг хэрэгжүүлэхээр танилцуулсан.
Энэ шийдвэрүүдийн зөв, бурууг УИХ хэлэлцэнэ. Гэхдээ иргэдийн амьдралтай холбоотой шийдвэрийг улс төрийн барьцаа болгох эрх хэнд ч байхгүй.
УИХ-д маргаан байх нь хэвийн. Засгийн газрын бодлогыг шүүмжлэх, төсөвт өөрчлөлт оруулах, хариуцлага тооцох нь парламентын ажил. Харин улс төрийн зөрчил нь төрийн ажлыг гацаах хэмжээнд хүрч болохгүй. Өнөөдөр МАН дотоод зөрчлөө шийдэх, АН улс төрийн шаардлагаа тавих, бусад намууд байр сууриа илэрхийлэх эрхтэй. Гэхдээ энэ бүхний цаана улсын төсөв, төрийн үйлчилгээ, бизнесийн орчин, иргэдийн амьдрал хүлээж байна. Засгийн газар ч өөрийгөө шүүмжлэлээс дээгүүр тавьж болохгүй. Төсөв нь бодит тооцоотой, зардал нь үндэслэлтэй, хөрөнгө оруулалт нь өгөөжтэй гэдгийг тайлбарлах үүрэгтэй. УИХ ч түүнийг нь улс төрийн тохирооны хэрэгсэл бус, бодлогын баримт бичгийн хувьд хэлэлцэж шийдэх үүрэгтэй. Эцсийн дүндээ иргэд улстөрчдөөс гайхамшиг шаардаагүй. Төрөө ажиллуулж, төсвөө баталж, эдийн засгийн боломжоо зөв ашиглаж, хийх ёстой ажлаа хий гэсэн энгийн шаардлага тавьж байна. Бүтэн жил үргэлжилсэн улс төрийн талцал улс орны өмнөөс шийдвэр гаргахгүй. Төсөв батлахгүй, төрийн ажлыг гацаах тусам улс төрийн хариуцлагын асуудал л хурцдана. Тиймээс одоо дахин нэг тохироо биш, шийдвэр хэрэгтэй. Төсвөө батал. Ажлаа хий. Чадахгүй бол хариуцлагаа хүлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ