МАН-ЫН “30“-ЫН ШАНТААЖ...
МАН-ын Удирдах зөвлөл Хууль зүй, дотоод хэргийн сайдад Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн. Өөрөөр хэлбэл, намын дээд түвшинд шийдвэр гарчихсан ч парламент дээр ирээд асуудал гацав.
Эндээс харахад асуудал Г.Тэмүүлэнгийн томилгооноос илүү МАН доторх улс төрийн тэмцлээс бүрэн хараат болов.
Есдүгээр сарын 17-нд Г.Тэмүүлэнгийн томилгоог хэлэлцэхээр товлосон ч чуулган ирц хүрээгүйгээс эхэлж чадсангүй. Тухайн үед ирц 40 орчим хувьтай байсан бөгөөд хэвлэлүүд үүнийг МАН-ын дотор яригдаж буй “30:38”-ын хуваагдалтай холбон тайлбарласан.
Хамгийн сонирхолтой нь МАН 68 суудалтай. Тиймээс эрх баригч нам өөрийн гишүүдийн ирцийг бүрдүүлээд чуулганаа хэвийн үргэлжлүүлэх бүрэн боломжтой. Гэтэл намын Удирдах зөвлөлөөс 100 хувийн саналтай гарсан шийдвэр УИХ-ын танхимд ирээд ирцийн асуудалтай тулж байгаа нь намын дотоод удирдлага, парламент дахь сахилга хоёрын хооронд зөрүү үүссэнийг харуулж буй хэрэг мөнөөс мөн.
Хэрэв эрх баригч нам өөрийн нэр дэвшүүлсэн сайдыг томилуулах хэмжээний ирцээ ч бүрдүүлж чадахгүйд хүрвэл дараагийн асуудал нь төсөв, хууль тогтоомж, Засгийн газрын бусад шийдвэр дээр хэрхэн харагдах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Нөгөө талд АН төсвийн хэлэлцүүлэгтэй холбоотойгоор завсарлага авсан нөхцөл байдал бий. Иймээс сөрөг хүчин танхимд оролцохгүй байгаа үед эрх баригчдын өөрсдийн ирц парламентын үйл ажиллагааны гол зангилаа болж байна. Ингээд 126 гишүүнтэй Монголын парламент эрх баригч МАН-ын ‘’30’’-аас хамаарч хямарч байна.
Г.Тэмүүлэн сайд болох уу? гэдгээс илүү МАН дотроо гаргасан шийдвэрээ парламент дээрээ хэрэгжүүлэх хэмжээний нэгдсэн байр суурьтай байж чадах уу? гэдэгт бүлгийн дарга Ж.Батжаргал чин шударгаар хариулмаар байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ