100 гаруй жилийн дараа дэлхийд шинэ зэрлэг муурны төрөл зүйл илэрлээ
Боливийн үүлэн ойгоос шинжлэх ухаанд өмнө нь бүртгэгдээгүй зэрлэг муурны шинэ төрөл зүйл илэрчээ. Эрдэмтэд уг амьтныг Leopardus tilcayo хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь 1923 оноос хойш шинжлэх ухаанд анх удаа шинээр бүртгэгдсэн амьд зэрлэг муурны төрөл зүйл болж байна.
Шинэ зүйл нь Өмнөд Америкийн жижиг толбот муурнуудын бүлэгт багтдаг бөгөөд Боливийн Юнгасын үүлэн ойд амьдардаг. Биеийн урт нь ойролцоогоор 46 сантиметр, жин нь ердөө 1.4 килограмм буюу энгийн гэрийн муурнаас ч жижиг юм. Бордуу өнгийн үсэн дээрээ ирвэстэй төстэй бараан толботой аж. Сонирхолтой нь энэ муур олон жилийн турш хүмүүсийн нүдэн дээр байжээ. 2017 онд нутгийн нэгэн гэр бүл ойгоос олж, гэрийн тэжээвэр амьтан болгохыг оролдсон ч дараа нь Боливийн Senda Verde амьтны асрамжийн газарт авчирсан байна.
Тэнд ажиллаж байсан судлаачид уг муур бусад мэдэгдэж буй төрлөөс өөр харагдаж байгааг анзаарчээ. Гэхдээ шинэ төрөл болохыг зөвхөн гадаад төрхөөр нь тогтоогоогүй. Эрдэмтэд Өмнөд Америкийн хэд хэдэн орноос авсан 38 муурны генетикийн мэдээллийг, тэр дундаа музейд хадгалагдаж буй сорьцуудын ДНХ-тэй харьцуулан судалжээ. Ингэснээр өмнө нь нэг зүйл гэж үзэж байсан “tiger cat” бүлэг нь үнэндээ генетикийн хувьд ялгаатай таван зүйлээс бүрддэг болохыг тогтоосон байна. Судалгаагаар Leopardus tilcayo-гийн өвөг шугам бусад ойрын төрөл саднаасаа ойролцоогоор 1.4 сая жилийн өмнө салсан болохыг тогтоожээ.
Одоогоор энэ зүйлийн талаар маш бага мэдээлэл байгаа бөгөөд судлаачид зэрлэг байгальд байгаа бусад бодгалиудыг камераар илрүүлэхээр ажиллаж байна. Харин амьдрах орчин болох Юнгасын ой нь ой устгал, газар тариалан, түймэр, уул уурхайн дарамтад орж байгаа тул шинэ зүйлийг хамгаалах асуудал чухал болж байна. Сонирхолтой нь: Шинэ муурыг шинжлэх ухааны нэрээр нэрлэхдээ судлаачид нутгийн иргэдийн олон жил хэрэглэж ирсэн “Tilcayo” нэрийг хэвээр үлдээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ