Хятад шинэ үеийн санах ойн чип олноор үйлдвэрлэж эхэллээ
Хятадын CXMT компани тав дахь үеийн DRAM технологийн платформоо масс үйлдвэрлэлд нэвтрүүлж, ухаалаг утас болон зөөврийн төхөөрөмжид зориулсан шинэ чипүүдээ танилцууллаа. Шинэ технологийг Хэфэй хотод болсон 2026 оны World Manufacturing Convention-ийн үеэр есдүгээр сарын 20-нд танилцуулсан байна. DRAM нь гар утас, компьютер зэрэг төхөөрөмж ажиллаж байх үед мэдээллийг түр хугацаанд хадгалдаг үндсэн санах ойн нэг төрөл юм.
CXMT-ийн мэдээлснээр шинэ G5 платформ нь өмнөх үеийн технологитой харьцуулахад нэг silicon wafer-аас үйлдвэрлэх боломжтой чипийн тоог дор хаяж 50 хувиар нэмэгдүүлжээ. Мөн үйлдвэрлэлийн өртөг болон эрчим хүчний хэрэглээг бууруулах давуу талтай гэж компани мэдээлсэн байна.
24Gb багтаамжтай шинэ чип CXMT шинэ платформ дээр суурилсан 24Gb LPDDR5X санах ойн хоёр бүтээгдэхүүнээ мөн танилцуулсан байна. Эдгээр чип нь өмнөх үеийн CXMT-ийн ижил төрлийн бүтээгдэхүүнээс 50 хувиар илүү багтаамжтай бөгөөд ухаалаг утас болон бусад зөөврийн электрон төхөөрөмжид зориулагджээ. Хоёр бүтээгдэхүүн нь аль хэдийн масс үйлдвэрлэлд орсон байна. Шинэ технологийн гол үзүүлэлтүүдийн нэг нь санах ойн бүтцийн хоорондын зайг 11.95 нанометр хүртэл багасгасан явдал юм.
Ингэснээр ижил хэмжээний чип дотор илүү их мэдээлэл хадгалах боломж бүрддэг. Дэлхийн санах ойн чипийн зах зээлд одоогоор Samsung, SK Hynix, Micron зэрэг компаниуд хүчтэй байр суурьтай. CXMT-ийн шинэ технологи нь Хятад улс дотоодын санах ойн үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, гадаад нийлүүлэгчдээс хамаарах байдлаа бууруулах оролдлогын нэг хэсэг болж байна. Мөн AI-ийн дата төв, ухаалаг утас, компьютер зэрэгт санах ойн хэрэгцээ нэмэгдэж байгаа энэ үед үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэх нь дэлхийн чипийн нийлүүлэлтийн сүлжээнд нөлөөлөх боломжтой.
Эх сурвалж: Reuters
СЭТГЭГДЭЛ БИЧИХ