ЯАГААД БААВГАЙ УУЛНААС БУУЖ, СУУРИН ГАЗАР РУУ ОРЖ ИРЖ БАЙНА ВЭ?
Энэ жил 10 аймагт 80 орчим тохиолдол бүртгэгджээ Монголын ой, уулын бүсэд амьдардаг хүрэн баавгай хүн амын суурьшлын бүс рүү ойртох тохиолдол энэ жил эрс нэмэгдсэн.
Аймгуудаас авсан мэдээллээр 2026 онд Булган, Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Увс, Архангай, Дархан-Уул, Завхан, Төв аймагт баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн 80 орчим тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь зөвхөн алслагдсан хөдөө орон нутгийн асуудал биш болжээ. Нийслэлийн ойролцоо ч баавгай үзэгдэж байна.
Наймдугаар сарын 11-нээс хойш нийслэлийн Баянгийн эх, Богдхан уул орчмын суурьшлын бүсэд баавгай орж ирсэн тухай долоон дуудлага бүртгэгджээ. Нийслэлийн Байгаль орчны байгууллагын мэдээллээр өмнө нь 2018 онд нэг, 2019 онд хоёр, 2020 онд нэг буюу нийт дөрвөн удаа ийм тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ жил долоон удаагийн дуудлага бүртгэгдсэн нь ноцтой.
Мөн хоёр баавгайг барьж, нийслэлийн суурьшлын бүсээс ойролцоогоор 180 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт шилжүүлэн байршуулжээ. Гол шалтгаан нь тэжээлийн хомсдол. Мэргэжлийн байгууллагуудын мэдээллээр бол энэ жилийн нийтлэг нөхцөл нь самар, жимс зэрэг байгалийн тэжээлийн ургац муу байгаа явдал гэнэ.
Ингэснээр идэш тэжээл хайсан баавгай, ялангуяа бамбарууштай эм баавгай суурьшлын бүс рүү ойртох болжээ. Өөрөөр хэлбэл баавгай суурин газар руу зорьж байгалийн хоол тэжээлийн нөхцөл нь өөрчлөгдөхөд амьд үлдэхийн тулд шинэ эх үүсвэр хайж байгаа хэрэг. Хот болон суурьшлын бүсэд орж ирсэн баавгай хүнс, малын сэг зэм, хог хаягдлыг үнэрээр олдог тул хүн өртөх эрсдэл нэмэгдэж байна.
Мэргэжлийн байгууллагуудын анхааруулж буй нэг чухал зүйл бол хүнсний хаягдал. Гэр, өвөлжөө, хаваржааны ойролцоо малын сэг зэм, хүнсний хог хаягдлыг ил задгай орхих нь баавгайг тухайн газарт дахин ирэхэд хүргэж болзошгүй. Нийслэлийн Байгаль орчны байгууллага баавгай хоол тэжээлийг 25–30 км зайнаас үнэрлэн олж чаддаг гэж мэдээлсэн бөгөөд иргэдийг малын сэг зэмийг ил задгай орхихгүй байх, хүнсний хогийг битүүмжилж хадгалахыг зөвлөжээ.
Нөхцөл байдалд хариу арга хэмжээ болгон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд 9 дүгээр сарын 15-нд А/09 дугаар албан даалгавар гаргасан байна. Уг албан даалгавраар: баавгайн дуудлага, мэдээллийг 24 цагаар хүлээн авах,эрсдэлтэй бүсэд шуурхай баг ажиллуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, хүнс, хог хаягдлыг ил задгай байршуулахгүй байх, автомат камер, дрон ашиглан баавгайн хөдөлгөөнийг хянах, шаардлагатай тохиолдолд биотехникийн арга хэмжээ авах, зэрлэг амьтны эрүүл мэнд, тархалтын судалгааг эрчимжүүлэх үүргийг холбогдох байгууллагуудад өгчээ.
80 орчим удаагийн тохиолдол гэдэг нь өмнө байгаагүй өндөр тоо юм. Зэрлэг амьтан амьдрах орчиндоо хангалттай тэжээл олж чадахгүй болсон үедээ хүний суурьшлын бүсэд ойртож байгаа нь байгалийн өөрчлөлтийг судлах анхаарах шаардлагатайг харуулж байна. Тиймээс зөвхөн баавгайг барьж өөр газар тавихаас илүү идэш тэжээлийн нөөц, ой модны үр жимс, амьдрах орчин, хүний хог хаягдал, суурьшлын бүсийн менежмент зэрэг олон хүчин зүйлийг хамтад нь судлах болжээ.
Баавгай ичээндээ орох хүртэлх энэ хугацаанд хүн, малын аюулгүй байдлыг хамгаалах шуурхай арга хэмжээ чухал. Харин цаашид ийм тохиолдол жил бүр давтагдах эсэх, зэрлэг амьтдын амьдрах орчинд ямар өөрчлөлт гарч байгааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах нь илүү урт хугацааны шийдэл болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ