Ши Жиньпиний биеийн байдлын талаарх цуурхал дахин дэгдэв
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний эрүүл мэндийн талаар цахим орчинд тархсан цуурхал дахин анхаарал татаж эхэллээ. Түүний биеийн байдал муудсан, тэр дундаа харвалт болсон гэх мэдээлэл тархсан ч үүнийг нотлох найдвартай баримт одоогоор гараагүй байна.
Ши Жиньпин есдүгээр сарын 12–13-нд Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож, хуралдаануудад үг хэлэн, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой хоёр талын уулзалт хийсэн. Харин тэрбээр уулзалтын үеэр зохион байгуулсан оройн зоогт оролцоогүй бөгөөд энэ нь түүний биеийн байдалтай холбоотой гэх таамаг гарах шалтгаан болсон байна.
“Wall Street Journal”-ийн мэдээлснээр Ши Жиньпин тухайн оройн арга хэмжээнд бие нь тавгүй байсан тул оролцоогүй гэж эх сурвалжууд мэдээлсэн байна. Гэхдээ уг мэдээлэл нь хүнд өвчин, харвалт болсон гэсэн баталгаа биш юм. Харин сошиал орчинд Ши Жиньпин харвалт авч, яаралтай эмнэлэгт хүргэгдсэн гэх илүү ноцтой мэдээлэл тархсан боловч эдгээрийг баталгаажуулсан албан ёсны мэдээлэл болон найдвартай эх сурвалж одоогоор байхгүй байна.
Ши Жиньпиний эрүүл мэндийн талаарх мэдээлэл ийнхүү анхаарал татаж байгаа нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай есдүгээр сарын 24-нд Вашингтонд уулзахаар төлөвлөсөнтэй давхцаж байна. Reuters-ийн мэдээлснээр хоёр талын уулзалтын гол асуудалд худалдаа, технологи, Тайвань болон ховор металл зэрэг асуудал багтаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ