‘’МАН-ЫН 30’’ ЧУУЛГАНЫГ ИРЦЭЭР БАРЬЦААЛАВ
Эрх баригч намын дотоод зөрчил төрийн ажлыг хэр хэмжээнд гацааж болохыг харуулсан улс төрийн хямрал үргэлжилж байна. Өчигдөр /2026.09.22/ УИХ-ын нэгдсэн чуулган 14.00 цагт эхлэх хуваарьтай байсан ч ирц бүрдээгүйгээс хуралдаан хойшлов. 17.30 цагийн үед 64 гишүүний ирц бүрдэхэд ердөө хоёр гишүүн дутуу байв. Өөрөөр хэлбэл, Монголын парламентын бүтэн өдрийн ажлыг шийдэхэд хоёрхон хүний ирц шаардлагатай болов.
УИХ-ын албан ёсны ирцийн мэдээллээс харахад 9 дүгээр сарын 21-ний хуралдаанд олон гишүүн ирцээ бүртгүүлээгүй байв. Тухайлбал, Н.Номтойбаяр, С.Амарсайхан, Ч.Номин зэрэг нэрс ирээгүй гишүүдийн жагсаалтад байв.
Тухайн өдөр 14.00 цагийн чуулганаар ХЗДХ-ийн сайдын томилгоо зэрэг улс төрийн ач холбогдолтой асуудлыг хэлэлцэхээр товлосон байлаа. Өмнөх долоо хоногт мөн адил ирцийн асуудлаас болж ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж чадаагүй. Тэр үед 52 гишүүн ирсэн..
МАН-ын 30:38 гэсэн хуваагдал бодит эсэх дээр намын удирдлага болон улс төрийн талууд өөр өөр байр суурь илэрхийлж ирсэн. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар бүлэгт ийм албан ёсны хуваагдал байхгүй гэж мэдэгдсэн ч улс төрийн үйл явдлын өрнөл, тэр дундаа чуулганы ирцийн байдал энэ асуудлыг дахин ил болгож байна. Өчигдрийн нөхцөл байдал ч мөн адил энэ зөрчлийн улс төрийн үр дагаврыг харуулав.
Ирц бол парламентын үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг.
Өнөөгийн нөхцөл байдлын гол зангилаа нь ХЗДХ-ийн сайдын томилгоо.
Ерөнхий сайд Н.Учрал С.Амарсайханыг ХЗДХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлсэн. МАН-ын Удирдах зөвлөл уг нэр дэвшүүлэлтийг дэмжсэн ч УИХ дээр томилгоо шууд хэрэгжиж чадалгүй ирцийн асуудалтай тулгарч байгаа нь энэ.
Хэрэв гишүүд сайдын томилгоог эсэргүүцэж байгаа бол байр сууриа чуулганы танхимд илэрхийлж, санал хураалтаар шийдүүлэх ёстой. Харин санал хураалтыг явуулах боломжгүй болтол чуулганы ирцийг бүрдүүлэхгүй байх нь асуудлыг шийдэх бус, ирцийг улс төрийн дарамт, тохиролцооны хэрэгсэл болгон ашиглаж байна гэсэн ойлголт төрүүлж байна.
Чуулганы танхимд орж ирж, байр сууриа ил тод илэрхийлэхийн оронд ордон дотор өрөө өрөөгөөр хэсэж, ирцээ бүрдүүлэхгүй байгаа нь улс төрийн тохиролцоондоо хүрч чадахгүй байгаагийн илрэл гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл, асуудлыг парламентын танхимд санал хураалтаар шийдэхийн оронд ирцээ барьцаалж, Засгийн газар болон олонхид шахалт үзүүлэх улс төрийн тактик хэрэглэж байна гэж ойлгож байна. Гэхдээ энэ бол зүгээр нэг улс төрийн тактик биш. Томилгоог зогсоох, Засгийн газарт шахалт үзүүлэх, нам доторх байр сууриа хамгаалах гэсэн улс төрийн ашиг сонирхол энд давхар явж байна.
Эцсийн дүнг 2028 онд сонгогчид тавина. Өнөөдрийн ирц, шийдвэр, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр баримт болж үлдэнэ.
Тиймээс асуудал нь хэн хэнийг дийлсэнд биш, хэн төрийн ажлыг урагшлуулж, хэн хувийн болон намын ашиг сонирхлоор төрийн ажлыг гацаасандаа дүнгээ тавиулна биз. Нам доторх зөрчил бол тэдний асуудал. Харин энэ зөрчил тогооноосоо хальж, парламентын үйл ажиллагааг гацааж байгаа нь намын дотоод тэмцлийг төрийн ажилд хутгаж буй хэрэг юм.
Улс төрд өрнөж буй үйл явдлыг 2028 онд сонгогчид нэр устай нь санаж, дүнг нь тавих биз.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ