Н.УЧРАЛД БЯР ДУТАЖ БАЙНА
Н.Учралын улс төрийн карьер сүүлийн жилүүдэд үнэхээр гэрлийн хурдаар өгссөн. УИХ-ын дарга, Ерөнхий сайд, МАН-ын дарга гэх мэт өндөр албан тушаалд богино хугацаанд хүрсэн нь түүнийг намын дээд түвшний дэмжлэг, ялангуяа У.Хүрэлсүхийн хүрээний улс төрийн дэмжлэгтэй явж ирсэн нь худал биш.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоо УИХ-ын ирц дээр гацаж, Засгийн газар парламентын дэмжлэгийг бүрэн дайчилж чадахгүй яваа. Нөгөө талд 2027 оны төсөв зэрэг Засгийн газрын гол асуудлууд парламент дээр улс төрийн тохироо, эсэргүүцэлтэй тулгарч байна. Төсвийн нийт зарлага 43.6 их наяд төгрөгт хүрэхээр байгаа нь өөрөө улс төрийн том маргааны сэдэв болоод буй.
Н.Учрал олон нийтийн өмнө хүчтэй харагдаж байгаа ч нам дотроо бядгүй явна
Сошиалд түүний баг идэвхтэй ажиллаж, Ерөнхий сайдын имижийг хамгаалах, улс төрийн мессежийг хурдан тараах оролдлого чадахаараа хийгээд л байгаа харагддаг. Гэхдээ улс төрийн жинхэнэ бяр сошиалын хандалт, лайк, постын тоогоор бус намын гишүүдээ нэг шугамд оруулж чадаж байна уу, парламентад бодлогоо дэмжүүлж чадаж байна уу, Засгийн газраа тогтвортой авч явж чадаж байна уу гэдгээр хэмжигдэнэ гэдгийг мэддэг баймаар юм. Өөрөөр хэлбэл, гудамжинд харагдах улс төрийн хүч ба нам доторх бодит нөлөө хоёр өөр зүйл гэдгийг Н.Учрал эрх биш харж байгаа байлгүй дээ.
Н.Учрал өөрийн гэсэн улс төрийн хүчтэй тоглогч мөн үү, эсвэл ах нарынхаа дэмжлэгээр өндөрт гарсан залуу улс төрч үү?
Хэрэв нам доторх зөрчлөө шийдэж, парламентын дэмжлэгээ тогтоож чадахгүй бол өндөрт хурдан гарсан карьер нь эсрэгээрээ хурдан уруудах нь ээ. Тэр тусмаа Засгийн газар нь ганхаж эхэлбэл нэгэн цагт дэмжиж байсан улс төрийн хүчнүүд нь ч зайгаа барих нь ч улс төрд шинэ зүйл болохгүй.
Тиймээс Н.Учралын жинхэнэ сорилт одоо эхэлж байна. Өндөр албан тушаалд хүрэх нэг хэрэг, харин тэр байр сууриа өөрийн хүчээр тогтоож, нам дотроо дэмжлэгтэй байж чадах уу гэдэг нь хамгийн том асуудал гэдгийг өөрийн биеэр мэдэрч байгаа байх.
Ах нарынхаа нөмөрт өндөрт гарах амархан, харин өөрийн бяраар тэсэж үлдэнэ гэдэг хэцүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ