БААВГАЙТАЙ НАМАР...

img

 

Баавгай суурьшлын бүс рүү орж ирээд хүмүүсийг сандаргаж байхад төрийн байгууллагаас “баавгайтай таарвал амиа хамгаал, аргагүй хамгаалалт хийсэн бол баримтжуул, холбогдох байгууллагад мэдэгд” гэсэн зөвлөгөө өгч буй. Хууль, журам талаасаа ойлгомжтой байж болох ч амьдрал дээр бол нэлээд инээдтэй сонсогдов.

Баавгай урдаас архираад ирж байхад хүн “Түр хүлээгээрэй. Би эхлээд гар утсаа гаргаж ирээд нөхцөл байдлын бичлэг хийе. Дараа нь намайг буруугүй гэдгийг нотлох баримтаа бүрдүүлчихье…” гээд тайван зогсох уу?

Нохой араас хуцахад л зүрх савладаг хүнд байгальд баавгайтай нүүр тулбал хамгийн түрүүнд бодох зүйл нь “өөрийгөө өмөөрөх нотлох баримт” биш, амьд гарах арга чарга л хайна даа...

Ц.Сандаг-Очир ‘Хэнтийд орж ирсэн баавгайд хийсэн задлан шинжилгээгээр “өлссөн, ходоод нь хорхойссон” гэсэн дүгнэлт гарсан талаар ярьсан. Сүүлийн өдрүүдэд суурьшлын бүсэд баавгай орж ирсэн тохиолдол олон аймаг, суманд энэ мэтээр бүртгэгдсээр байна. Товчхондоо баавгай ч өлсжээ.

Харин улс төрчид?

Тэд ч бас нэг юмны араас өлсөж яваа. Тэр нь албан тушаал.

Энэ намар Монголын улс төрийн хамгийн сонирхолтой үзэгдэл нь эрх баригч намын доторх “30:38” МАН-ын удирдлагууд дотроо 30:38 гэсэн хуваагдал байхгүй гэж тайлбарлаж байгаа ч  бодит байдал дээр УИХ-ын чуулган гурван өдөр дараалан ирцгүйгээс гацаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоо хүртэл хойшилсон нь ‘’30:38’’ улс төрийн тайлбараас илүү бодит үзэгдэл болгож орхилоо.

Парламентын олонх нэг ширээний ард сууж чадахгүй бол эрх ашгаараа нэгдээд бүлэг, жигүүр болоод тасарч болдогийг МАН хангалттай харуулж буй.

Төрийн ажил ганц сайдын томилгоон дээр гацсан мэт харагдаж байгаа ч асуудлын цаана илүү том улс төрийн тохироо яригдаж байна. Өөрөөр хэлбэл, эрх мэдлийг хэрхэн хуваарилах, фракц хооронд ямар тохироо хийх, аль суудлыг хэнд өгөх вэ гэдэг асуудал гол маргаан болж байгаа нь манай эрх баригчдын бодит төрх.

Чуулганы ирц гэдэг бол парламентын хамгийн энгийн үүрэг. Гишүүд сонгогчдоосоо мандат авсан. Тэгвэл мандатынхаа дагуу чуулгандаа суух ёстой. Гэтэл иргэдээс өгсөн мандатыг улс төрийн хэрэгсэл болгон ашиглаж, албан тушаалын төлөө амь тэмцэж явна. Баавгай суурьшлын бүс рүү хоол тэжээл хайж орж ирж байгаа бол улс төрчид төрийн ордон руу юу хайж орж ирдэг бол?

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ