Ц.САНДАГ-ОЧИР ‘’БААВГАЙ САНДАГ’’ БОЛОХ ВИЙ
Баавгай хүн суурьшсан бүсэд орж ирлээ. Байгальд идэш тэжээл хомсдож байгаа нь үүнд нөлөөлж болохыг мэргэжлийн хүмүүс ярьж байна. Харин ийм нөхцөлд салбар хариуцсан сайд Ц.Сандаг-Очир “алим, мандарин, мах, самар тавьж өгнө” гэнэ.
Олон улсын зэрлэг амьтны менежментийн практикт зэрлэг баавгайд зориудаар хоол өгөхийг үндсэн арга гэж үздэггүй. Харин ч эсрэгээрээ, баавгайг хүний хоол хүнс, хог хаягдалтай холбож сургахгүй байх нь хүн баавгайн зөрчлийг бууруулах гол зарчим байдаг. АНУ-ын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн алба (NPS) бүр “Баавгайг бүү хоолло” гэж анхааруулдаг байна. Учир нь баавгай хүний өгсөн хоолыг нэг удаа олж авсныхаа дараа хүнийг хоол хүнстэй холбож сурч, улмаар хүн рүү дахин дахин ойртох зан төлөвтэй болж болдог. Ийм “хоолонд дассан” баавгай эцэстээ хүн болон өөртөө аюул учруулах хэмжээнд хүрвэл амьтныг устгах хүртэл арга хэмжээ авах шаардлага гардаг гэнэ.
Йеллоустоун зэрэг газруудад ийм жишээ болж байсан. Тэнд хүмүүс баавгайд хоол өгч, хогийн цэг дээр хооллуулдаг байж. Үүний үр дүнд баавгай хүний орчин, хүний хоолтой холбогдож, хүнтэй мөргөлдөх явдал нэмэгдэн улмаар баавгайг шилжүүлэх, бүр устгах шаардлагатай болсон түүх бий.
Хүрэн баавгай алим, самар, мах иднэ. Байгальд олдвол олон төрлийн жимс, ургамал, шавж, загас, амьтны гаралтай тэжээл хэрэглэнэ. Гэхдээ ийм төрлийн хүнс иддэг гээд хүн тавьж өгч болно гэсэн үг биш.
Баавгайд алим, мандарин, мах, самар тавьж өгөх нь тухайн өдрийн өлсгөлөнг нь түр намжааж болох ч тэгээд маргааш, нөгөөдөр нь зэрлэг баавгай энд хүн байна тэгвэл энд хоол байна гэсэн холбоосыг бий болгож болзошгүй. Тэр үед бид байгальд амьдрах ёстой зэрлэг амьтныг хүний орчинд хоол эрж ирдэг амьтан болгож эхэлнэ. За яахав, шинжлэх ухаанч бус, арга ядсан, ядмаг арга ашиглаж ингэж хооллодог юм байна гэж бодъё. Хэдий болтол ингэж хооллох вэ? Тэгээд хоол таьдаг газар хоосон байвал яах вэ? Өлсөж, ангасан байвгай айлын хашаа руу орно. Тэгээд юу болох бол?
NPS-ийн баавгайн менежментийн аргачлалд хүний хоол, хогийг баавгайд хүргэхгүй байх, шаардлагатай үед хүний орчноос холдуулах, хүний орон зайд орж ирэх зан үйлийг өөрчлөх зэрэг арга хэмжээг ашигладаг. Өөрөөр хэлбэл баавгайг хүн рүү татах биш, баавгай ба хүний хоорондын зөрчлийг багасгах нь үндсэн чиглэл юм. Тэр ч байтугай зарим газарт баавгай хүний хоолонд дасахаас өмнө хүний суурьшлын бүсийг тааламжгүй орчин гэж ойлгуулах “aversive conditioning” буюу үргээх арга хэрэглэдэг. Ингэснээр баавгайг шийтгэх бус, хүнээс хоол олдог зан үйлийг тогтохоос нь өмнө таслан зогсоохыг зорьдог байна. Гэтэл манайд энэ бүхэн эсрэгээрээ...
Ц.Сандаг-Очир сайдаа байгалийн идэш тэжээл нь үнэхээр хомсдсон бол тухайн бүс нутгийн экосистемийн нөхцөл байдлыг судла. Баавгай суурьшлын бүсэд орж ирж байгаа бол хүний хүнс, хог, малын сэг зэм зэрэг татагч хүчин зүйл байгаа эсэхийг шалга.
Хэрэв эрсдэлтэй бүсэд орж ирсэн бол мэргэжлийн багийн хяналт, үргээх, шаардлагатай тохиолдолд шилжүүлэх зэрэг шинжлэх ухаанд тулгуурласан менежмент хэрэгтэй.
Харин “өлсөж байгаа юм чинь алим, мандарин, мах, самар тавиад өгье” гэдэг нь хамгийн амархан харагдах шийдэл байж болох ч урт хугацаанд ямар зан үйлийг бий болгож байгааг заавал тооцох ёстой. Учир нь олон улсын туршлагаас харахад хүний хоолонд дассан, хүн рүү байнга ойртдог баавгай эцэстээ “аюултай амьтан” гэж тооцогдон, хүний аюулгүй байдлын нэрээр устгагдах хүртэл эрсдэлтэй болдог. Тиймээс баавгайг хүнээс хоол нэхдэг болголгүйгээр, байгальд нь хэрхэн хамгаалах вэ гэдгээ бод.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ