Д.АМАРБАЯСГАЛАН: ЕРӨНХИЙ САЙДЫН ЭСРЭГ ДАЙСНУУД БЭЛТГЭЖ БАЙНА
Д.АМАРБАЯСГАЛАН: БОЙКОТ БОЛ ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛД БАЙДАГ УЛС ТӨРИЙН ХЭРЭГСЭЛ
УИХ ямар ч асуудлыг хэлэлцэх үүрэгтэй. Томилгоо, төсөв, хууль тогтоомжийн төсөл гэх мэт аль нь ч байсан парламентын бүрэн эрхэд хамаарч байгаа асуудлыг хэлэлцэх ёстой.
Парламент бол олон нам, олон байр суурийн оролцоотой, зөвшилцөл дээр тогтдог институци. Нам дотор ч, парламентын түвшинд ч санал зөрөлдөөн байх нь хэвийн. Тодорхой асуудлыг эсэргүүцэж, улс төрийн бойкот хийх нь парламентын засаглалтай орнуудад байдаг улс төрийн нэг хэлбэр. Харин энэ боломж байхгүй болсон нөхцөлд олонхын шийдвэр хяналтгүй болж, дарангуйллын эрсдэл бий болно.
Гэхдээ бойкотоо албан тушаал, эрх мэдлийн төлөө ашиглаж байгаа бол олон нийт шүүмжлэх нь зүйтэй. Харин улс орны ирээдүйд нөлөөлөх асуудлаар байр сууриа илэрхийлж байгаа бол үүнийг парламентын улс төрийн хэвийн үйл явц гэж харах ёстой.
УЛС ТӨРИЙН НАМ ИНСТИТУЦИ БОЛОХ ЁСТОЙ
2022 оноос улс төрийн намууд зөвшилцөж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулан УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, улмаар таван нам, эвсэл парламентад орж ирсэн. Энэ олон талын оролцоотой парламентын зөв соёл, жишгийг цаашид төлөвшүүлэх шаардлагатай.
Миний хувьд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар найман жил ажилласан. Энэ хугацаанд УИХ-ын гишүүнээр нэр дэвшилгүйгээр намын институцийг бэхжүүлэх асуудалд ажилласан. Улс төрийн нам өөрөө мэргэжлийн институци болж чадахгүй бол төрийн тогтолцоо тогтворгүй, төрийн албан тушаал улс төрийн намаар дамжин хуваарилагддаг байдал бий болно.
Харамсалтай нь өнөөдөр нам доторх өөр байр суурийг хүлээн зөвшөөрөхгүй байх, санаа бодол нийлээгүй нэгнээ шахах, дарамтлах үзэгдэл гарч байна. Зарим тохиолдолд хууль хяналтын байгууллагын механизмыг ашиглаж байна гэсэн асуудал ч яригдаж байна.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газрыг огцруулах байр суурь илэрхийлсэн, тодорхой шаардлагад гарын үсэг зурсан гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн жишээнүүд бий. Ийм үйл явдал өнөөдөр ч давтагдаж байна гэж би харж байгаа.
С.АМАРСАЙХАНЫ АСУУДЛЫГ УЛС ТӨРИЙН ДАРАМТ ГЭЖ ХАРЖ БАЙНА
УИХ-ын гишүүн С.Амарсайханы гаргаж байгаа мэдэгдлүүд улс төрийн дарамт, шахалтын орчинд хийгдэж байна гэж үзэж байна. Төрийн мөрдөс зүүсэн генерал хүмүүс ямар үндэслэлээр, хэний захиалгаар хэвлэлийн хурал хийж байгаа вэ гэдэг асуудлыг ч асуух ёстой. Иймэрхүү үйл явдал өмнө нь ч гарч байсан. Тухайлбал, Х.Тэмүүжин сайд байх үед цагдаагийн нэр бүхий хурандаа нар зохион байгуулалттайгаар түүнийг огцруулах үйл ажиллагаа явуулж байсан. Өнөөдөр С.Амарсайхантай холбоотой асуудалд үүнтэй төстэй нөхцөл үүсэж байна гэж харж байна.
ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖСЭН ГИШҮҮДИЙГ НАМААС ХӨӨХ ҮҮ?
Монгол Улсын Үндсэн хууль болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудад Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан, эсвэл дэмжиж кноп дарсан УИХ-ын гишүүнийг намаас хөөнө гэсэн зохицуулалт байхгүй.
МАН-ын дүрэмд ч ийм заалт байхгүй.
Тиймээс энэ асуудлыг зориудаар улс төрийн дарамт болгон ашиглаж, Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын эсрэг байр суурьтай хүмүүсийг тодорхойлох, намын дотор дайсан бий болгох агуулга руу оруулж байгаа мэт харагдаж байна. МАН-ын даргын дэргэдэх Улс төрийн бодлогын зөвлөл энэ асуудлыг авч хэлэлцэх шаардлагатай. Намын дотоод асуудлыг дүрэм, институцийн хүрээнд шийдэх ёстой.
ЯАГААД БОЙКОТ ХИЙСЭН БЭ?
Н.Учрал Ерөнхий сайд, намын даргын хувьд олон асуудлыг зэрэг шийдвэрлэх үүрэгтэй. Нас залуу ч зүтгэж, хичээж байгаа. Би түүнийг намын дарга болохоос нь эхлээд Ерөнхий сайд болох хүртэл нь дэмжиж ирсэн. Гэхдээ улс төрийн зөрчил нэмэгдэж байна. С.Амарсайханыг яагаад сайдын албан тушаалаас чөлөөлсөн бэ гэдэг асуулт байна. Энэ нь өөрийнх нь алдаа байсан уу, эсвэл зохион байгуулалттай улс төрийн үйл ажиллагааны үр дүн байсан уу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Тэр өөрчлөхийг зорьж байсан асуудлуудад яагаад өөрчлөлт хийгдээгүй вэ? Түүний болон гэр бүлийнх нь нэр хүндэд халдсан үйл явдал улс төрийн арга хэрэгсэл болсон уу гэдгийг ч асуух ёстой. Л.Энх-Амгалантай холбоотой 3.5 тэрбум төгрөгийн асуудлыг ч улс төрийн зорилгоор ашиглаж, Ерөнхий сайдыг огцруулах шалтгаан болгон тайлбарлаж байна гэж үзэж байна. Ийм нөхцөлд шударга байр суурь илэрхийлсэн хүмүүс дарамтад орж, харин улс төрийн арга хэрэглэсэн хүмүүс дээшээ явдаг тогтолцоог зөвшөөрөхгүй.
“ХОЁР ЭМЭГТЭЙ ГИШҮҮНЭЭС УУЧЛАЛТ ГУЙВАЛ ЧУУЛГАНДАА ОРНО” ГЭДЭГ ШААРДЛАГЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ
Хоёр эмэгтэй гишүүнээс уучлалт гуйвал чуулгандаа орно гэсэн шаардлага яригдсан. Энэ асуудлыг би хувьдаа тийм байдлаар харахгүй байна. Хоёр эмэгтэй гишүүнийг ашиглан МАН доторх тодорхой бүлэглэл Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах оролдлого хийсэн гэсэн ойлголтыг нийгэмд үлдээх гэсэн улс төрийн ажиллагаа гэж харж байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, энэ асуудлыг ярилцана. Хариуцлагын асуудал байгаа бол сайд, албан тушаалтанд нь ярих ёстой. Харин өөрийн гаргасан хариуцлагагүй үйлдлээ Ерөнхий сайдын эсрэг улс төрийн ажиллагаа болгон ашиглаж болохгүй.
ТӨСВИЙГ ЯАРАЛТАЙ БАТЛАХААС ИЛҮҮ НУХАЦТАЙ ХЭЛЭЛЦЭХ ЁСТОЙ
Улс төрийн нам ч, УИХ-ын гишүүн ч тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлж, бойкот хийх эрхтэй. УИХ-ын гишүүнийг жагсаалтаар сонгогдсон эсвэл тойргоос сонгогдсон гэдгээр нь ялгаварлаж болохгүй. Төсөв бол улсын ирээдүйтэй холбоотой маш чухал асуудал. Тиймээс хурдан батлах нь гол биш, нухацтай, суурьтай хэлэлцэх нь чухал. Төсвийг арваннэгдүгээр сарын 15-нд батлах хуулийн хугацаатай. Тиймээс нэг, хоёр хоногийн өмнө батлаагүйд бухимдахаас илүүтэй төсөвтөө бодитой, хариуцлагатай хандах хэрэгтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ