ИРГЭДИЙН МӨНГӨӨР ХУЛГАЙН ТӨСЛҮҮДЭЭ САНХҮҮЖҮҮЛЭХ ГЭЖ БАЙНА

img

 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ асуудлаар Засгийн газрын төсвийн бодлогыг шүүмжилж, иргэдэд хуваарилагдах боломжтой хөрөнгийг төр өөрийн үзэмжээр төсөлд зарцуулах гэж байна гэж үзэж буйгаа илэрхийллээ.

АН-ын зүгээс тавьж буй байр суурийг тоймловол хоёр үндсэн асуудал байна. Нэгдүгээрт, Засгийн газрын төсвийн бодлогыг УИХ-аар хэлэлцүүлж, хариуцлага тооцох шаардлага. Хоёрдугаарт, төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой маргаантай асуудлуудад улс төрийн болон хууль зүйн хариуцлага хүлээлгэх тухай шаардлага.

Тэдний эхний шаардлагын хүрээнд төсөв, ногдол ашигтай холбоотой асуудал одоо ч үргэлжилж байна.

Ногдол ашгийн мөнгө хаашаа очих вэ?

УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын тайлбарласнаар, ирэх онд Оюу толгойгоос улсын хүртэх ногдол ашгийн тодорхой хэсгийг аймаг, орон нутгийн төсөл болон дулааны цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтад зарцуулах тухай эрх баригчдын зүгээс ярьж байгаа.

Харин АН-ын бүлэг үүнийг Үндэсний баялгийн сангийн үзэл баримтлалтай нийцэж байгаа эсэх талаас нь асуудал болгож байна.

2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд Хуримтлалын сангийн хөрөнгийг Монгол Улсын иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд бүртгэх зохицуулалт бий. Мөн уг сангийн хөрөнгийг иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхэд ашиглахаар хуульчилсан байдаг.

Өөрөөр хэлбэл, байгалийн баялгаас бий болсон орлогын тодорхой хэсгийг шууд төсвийн ерөнхий зардал болгохоос илүүтэйгээр иргэдэд урт хугацаанд өгөөж өгөх санхүүгийн механизм бий болгосон гэсэн үг.

Засгийн газрын төсөвт хөрөнгө хэрэгтэй байна уу, эсвэл иргэн бүрийн нэр дээр хуримтлуулах ёстой хөрөнгө юу гэдэг нь энэ маргааны гол зангилаа болж байна.

АН-ын зүгээс иргэдийн нэрийн дансанд хуримтлагдах боломжтой хөрөнгийг нэг удаагийн шийдвэрээр өөр төсөлд зарцуулах нь хууль, сангийн анхны зорилготой зөрчилдөж болзошгүй гэж үзэж байгаа юм.

АН-ын бүлгийн зөвлөх А.Батпүрэвийн хэлснээр, Ерөнхий сайд иргэдтэй уулзах үеэр Засгийн газар иргэдэд мөнгө өгөхийг зорьж байгаа боловч АН-ын бүлэг үүнд саад болж байгаа мэт ойлголт төрүүлж байна гэж шүүмжилжээ.

Тэд өөрсдийгөө “иргэдэд өгөх мөнгийг хааж байгаа” биш, харин байгалийн баялгийн орлого хэрхэн зарцуулагдахыг хуулийн дагуу хянаж байгаа байр суурьтай байна гэв.

Гэхдээ нэг талаас өнөөдөр төсөвт хөрөнгө оруулж, эрчим хүч, орон нутгийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх шаардлага байна. Нөгөө талд нь байгалийн баялгаас орж ирсэн орлогыг иргэдийн нэрийн дансанд хуримтлуулж, урт хугацааны өгөөж бий болгох Үндэсний баялгийн сангийн тогтолцоо байна. Аль аль нь эдийн засгийн зорилготой боловч хөрөнгийг одоо зарцуулах уу, эсвэл ирээдүйн хэрэглээнд хуримтлуулах уу гэдэг зарчмын ялгаатай.

АН-ын зүгээс тавьж буй дараагийн шүүмжлэл нь төсвийн зарлагын өсөлттэй холбоотой.

А.Батпүрэвийн танилцуулснаар 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсөвтэй холбоотойгоор Засгийн газрын өр нэмэгдэх, төсвийн алдагдал тэлэх эрсдэл үүсэж байна гэж үзэж байгаа аж. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, төсвийн сахилга баттай холбоотой тодорхой хязгаарлалтыг сулруулах гэж байна гэсэн шүүмжлэл гаргажээ. Эдийн засаг өсөж байгаа үед төсвийг тэлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх нь зөв үү, эсвэл орлого нэмэгдэж байгаа мөчлөгийг ашиглан өр, алдагдлаа хязгаарлах нь зөв үү?

АН-ын бүлгийн зүгээс мөн цалин, тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой асуудлыг шүүмжилж байна. Өмнө нь шийдвэрлэгдсэн нэмэгдлийг 2027 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэхийн оронд 2026 оны арваннэгдүгээр сараас эхлүүлэхээр тусгасан нь шинэ бодлого мэт харагдуулж байгаа боловч төсвийн бодит ачааллыг өөрчлөхгүй гэж үзэж байна. Энэ байр суурийг эдийн засгийн тооцоотой нь хамт авч үзэх шаардлагатай. Цалин, тэтгэврийг эрт нэмэгдүүлэх нь иргэдийн орлогод богино хугацаанд дэмжлэг болох ч улсын төсөвт гарах зардлыг мөн хугацаагаар урагшлуулна. Тиймээс асуудлыг нэмсэн эсэхээр бус, ямар эх үүсвэрээр, хэдий хугацаанд, ямар хэмжээгээр санхүүжүүлэх вэ гэдгээр нь үнэлэх шаардлагатай.

Ерөнхий сайдын гэр бүлийн бизнес төсөвтэй холбогдсон гэх асуудал

АН-ын зүгээс төсвийн тодотголтой холбоотойгоор Ерөнхий сайдын гэр бүлийн хамаарал бүхий сургууль, цэцэрлэгт төсвөөс санхүүжилт олгосон гэх асуудлыг мөн хөндөж байна. Тэдний хэлж буйгаар өмнөх хугацаанд 8.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан бөгөөд шинэ тодотголд дахин 3.5 тэрбум төгрөгийн зардал туссан гэх мэдээлэл гарсан байна. Энэ бол улс төрийн маргаанаас илүү төсвийн хөрөнгө хуваарилалт, ашиг сонирхлын зөрчил, төрийн мөнгөний зарцуулалтын ил тод байдал гэсэн гурван асуудлаар шалгах ёстой сэдэв.

Ялангуяа төсвийн хөрөнгө хувийн хэвшлийн байгууллагад хуваарилагдсан тохиолдолд ямар хууль, ямар шалгуураар, ямар үндэслэлээр сонгогдсон, бусад ижил төрлийн байгууллагатай адил нөхцөл үйлчилсэн эсэх нь баримтаар тодорхой байх шаардлагатай.

Ногдол ашиг бол төсвийн орлого биш

Монгол Улс байгалийн баялгийн орлогыг хэрхэн хуваарилах талаар олон жил маргаж ирсэн.

Баялгийн орлого төсөвт орж, өнөөдрийн дэд бүтцийн асуудлыг шийдэхэд зарцуулагдах уу?

Эсвэл иргэн бүрийн нэрийн дансанд хуримтлагдаж, боловсрол, эрүүл мэнд, орон сууц зэрэг урт хугацааны хэрэгцээнд зориулагдах уу?

Үндэсний баялгийн сангийн тухай хууль нь хоёр дахь зарчмыг тодорхой хэмжээнд институцчилсэн. Хуулийн дагуу Хуримтлалын сангийн хөрөнгийг иргэдийн нэрийн дансанд бүртгэх тогтолцоо бий болсон. Тиймээс өнөөдрийн маргаан Монголын төр байгалийн баялгийн орлогыг иргэдэд шууд хуримтлуулах уу, өнөөдрийн төсвийн хэрэгцээнд зарцуулах уу, эсвэл томоохон бүтээн байгуулалтад чиглүүлэх үү гэсэн бодлогын сонголтын маргаан юм. Байгалийн баялгийн орлого бол татвар төлөгчдийн мөнгөтэй адилхан энгийн төсвийн орлого гэж хандах бус, ирээдүй үеийн эрх ашигтай холбон авч үзэх шаардлагатай хөрөнгө. Иймээс Засгийн газар ч, сөрөг хүчин ч улс төрийн мэдэгдлээс илүүтэйгээр хуулийн заалт, төсвийн тооцоо, санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын өгөөжөө олон нийтэд тодорхой харуулах шаардлагатай болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ