ОХУ Монголд нийлүүлэх дизель түлшээ нэмэгдүүлсэн үү
ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж буй дизель түлшний хэмжээ наймдугаар сард огцом нэмэгдэж, 215 мянган тоннд хүрчээ. Энэ нь долдугаар сарын 124 мянган тоннтой харьцуулахад ойролцоогоор 73 хувийн өсөлт юм. Reuters агентлагийн мэдээлснээр ОХУ наймдугаар сард Казахстан, Киргизстан, Монгол, Тажикистан зэрэг Төв Азийн орнуудад нийт 370 мянга гаруй тонн дизель нийлүүлсэн байна. Үүнээс Монгол Улс дангаараа 215 мянган тонныг импортолжээ.
ОХУ дотоодын зах зээлээ хамгаалах зорилгоор дизель түлшний экспортыг хязгаарласан хэвээр байгаа. Гэхдээ Монгол Улстай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд нийлүүлэлт хийхийг зөвшөөрсөн байна. Монгол Улс энэ оны эхний найман сарын байдлаар ОХУ-аас дизель түлш импортлогч бүс нутгийн хамгийн том худалдан авагч хэвээр байгаа бөгөөд Оросын Төв Ази болон Афганистанд нийлүүлсэн дизелийн тал орчим хувийг Монгол авчээ. Манай улсын хувьд өвөлжилтийн бэлтгэл, тээврийн зардал, шатахууны үнэ болон уул уурхайн үйлдвэрлэлд энэ нийлүүлэлт чухал нөлөөтэй билээ.
Монгол, Орос, Хятадыг холбох баруун төмөр замын коридор урагшилж эхэлжээ Монгол, Орос улс ОХУ-ын Тувагаас Монголын баруун хойд хилээр дамжин Хятадтай холбогдох шинэ төмөр замын коридорын асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ. Ажлын хэсэгт Монгол, Оросоос гадна Хятадын төлөөлөл оролцож, төмөр замын төслийн зураг төсөл болон санхүүжилтийн нөхцөлийг нарийвчлан боловсруулах аж.
Төслийн хүрээнд Оросын Тувагийн нутгаас Монголын Увс аймгийн Арцсуурийн боомт, цааш Ховд аймгийн Булган боомтоор дамжин Хятадын Шинжаантай холбох хувилбар яригдаж байна. Монголын тал энэ коридорыг бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр логистикийн чухал зангилаа болгох сонирхолтой байгаа. Хятадын тал ч төмөр замын бүтээн байгуулалтыг ирэх таван жилийн хөгжлийн бодлоготой уялдуулах боломжтой гэж үзэж байгаа талаар мэдээлжээ. Хэрэв төсөл бодитоор хэрэгжвэл Монголын баруун бүсээр дамжих Орос–Монгол–Хятадын худалдааны шинэ маршрут бий болох боломжтой. Үүний үр дүнд Монгол Улс зөвхөн нүүрс, зэс экспортлох бус Орос, Хятадыг холбосон транзит тээврийн шинэ гарц болох боломжтой гэж талууд үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ