Монгол, Орос, Хятадыг холбох баруун төмөр замын коридор урагшилж эхэлжээ
Монгол, Орос улс ОХУ-ын Тувагаас Монголын баруун хойд хилээр дамжин Хятадтай холбогдох шинэ төмөр замын коридорын асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ.
Ажлын хэсэгт Монгол, Оросоос гадна Хятадын төлөөлөл оролцож, төмөр замын төслийн зураг төсөл болон санхүүжилтийн нөхцөлийг нарийвчлан боловсруулах аж. Төслийн хүрээнд Оросын Тувагийн нутгаас Монголын Увс аймгийн Арцсуурийн боомт, цааш Ховд аймгийн Булган боомтоор дамжин Хятадын Шинжаантай холбох хувилбар яригдаж байна.
Монголын тал энэ коридорыг бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр логистикийн чухал зангилаа болгох сонирхолтой байгаа. Хятадын тал ч төмөр замын бүтээн байгуулалтыг ирэх таван жилийн хөгжлийн бодлоготой уялдуулах боломжтой гэж үзэж байгаа талаар мэдээлжээ.
Хэрэв төсөл бодитоор хэрэгжвэл Монголын баруун бүсээр дамжих Орос–Монгол–Хятадын худалдааны шинэ маршрут бий болох боломжтой. Үүний үр дүнд Монгол Улс зөвхөн нүүрс, зэс экспортлох бус Орос, Хятадыг холбосон транзит тээврийн шинэ гарц болох боломжтой гэж талууд үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ