AI-ийн тусламжтайгаар бичил роботын хурдыг 4.5 дахин нэмэгдүүлжээ
АНУ-ын MIT-ийн судлаачид хиймэл оюун ухаанд суурилсан удирдлагын шинэ систем бүтээж, шавжтай ойролцоо хэмжээтэй нисдэг роботын хурдыг ойролцоогоор 450 хувиар нэмэгдүүлжээ. MIT-ийн инженерүүдийн боловсруулсан систем нь роботын нислэгийн хөдөлгөөнийг бодит нөхцөлд илүү хурдан тооцоолж, огцом эргэлт болон маневр хийх боломжийг нэмэгдүүлсэн байна. Туршилтын үеэр бичил робот ердөө 11 секундын хугацаанд 10 удаа эргэлт буюу сальто хийж чаджээ. Энэ нь ийм хэмжээний роботын хувьд өндөр хурд, хөдөлгөөний нарийвчлалд гарсан томоохон ахиц гэж судлаачид мэдээлсэн байна.
Эрдэмтдийн үзэж буйгаар ийм төрлийн роботыг ирээдүйд газар хөдлөлт, барилга нурах зэрэг гамшгийн үед нуранги дотор эрэн хайх ажилд ашиглах боломжтой аж. Маш жижиг хэмжээтэй учраас том дрон, робот нэвтэрч чадахгүй нарийн орон зайд ажиллах давуу талтай гэнэ. Эрдэмтэд дуу авианы “квант үсрэлт”-ийг анх удаа бодит цагт ажиглажээ.
Стэнфордын их сургуулийн судлаачид дуу авиаг үүсгэгч квант түвшний бөөмсийн төлөв огцом өөрчлөгдөх үзэгдлийг бодит цаг хугацаанд ажиглаж чаджээ. Эрдэмтэд механик резонатор дахь “фон” хэмээх дуу авианы квантын төлөв хэрхэн нэг энергийн түвшнээс нөгөөд шилжиж байгааг шууд ажигласан байна. Квантын физикийн хувьд ийм төрлийн огцом шилжилтийг өмнө нь гэрэл болон бусад квант системүүд дээр судалж байсан боловч дуу авианы квант үсрэлтийг бодит цагт ажигласан нь шинэ ахиц болжээ.
Судлаачид энэхүү технологи нь ирээдүйд квант компьютер, алдааг засах систем, өндөр мэдрэмжтэй биологийн мэдрэгч болон шинэ үеийн дуу авианы төхөөрөмж хөгжүүлэхэд ашиглагдах боломжтой гэж үзэж байна. Үүнийг энгийнээр тайлбарлавал, эрдэмтэд маш жижиг хэмжээний дуу авианы энергийг “харах” боломжтой болсон гэсэн үг гэнээ. Alibaba 10 их наяд параметртэй AI загвар хөгжүүлнэ.
Хятадын Alibaba компани дараагийн үеийн хиймэл оюун ухааны загвараа 5–10 их наяд параметртэй болгохоор хөгжүүлж байгаагаа зарлалаа. Энэ нь тус компанийн одоогийн хамгийн хүчирхэг Qwen 3.8 Max загвараас хэмжээний хувьд хэд дахин том систем болох юм. Alibaba мөн шинэ үеийн Zhenwu V900 AI чипээ танилцуулжээ. Компанийн мэдээлснээр уг чип нь өмнөх үеийн хувилбараасаа ойролцоогоор гурав дахин өндөр гүйцэтгэлтэй бөгөөд олон чипийг нэг дор холбон асар том AI загваруудыг ажиллуулах боломжтой аж.
Шинэ чипийг 2027 оны эхээр олноор үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаа аж. Ингэснээр Хятадын технологийн компаниуд зөвхөн AI программ хөгжүүлэх бус, AI загвар + процессор + дата төв гэсэн бүхэл бүтэн технологийн системийг дотооддоо бий болгох өрсөлдөөнд улам хүчтэй орж байна. Хиймэл оюун ашиглан эм, шинэ эмчилгээ боловсруулах лаборатори байгуулжээ Хиймэл оюун ухааны Anthropic компани биологийн туршилтыг AI болон роботжуулсан системтэй хослуулах шинэ лаборатори байгуулжээ.
Компанийн зорилго нь AI-г зөвхөн компьютер дээрх тооцоолол, судалгаанд ашиглаад зогсохгүй бодит лабораторийн туршилтыг төлөвлөх, гүйцэтгэх үйл явцад ашиглах явдал юм. Anthropic-ийн мэдээлснээр шинэ лабораторид биологийн туршилтыг автоматжуулсан төхөөрөмжүүдтэй хослуулан явуулах бөгөөд AI нь туршилтын тодорхой хэсгийг чиглүүлэх боломжтой болно. Тус компани ялангуяа ховор болон эмчлэхэд хүндрэлтэй өвчнүүдийн эмчилгээний судалгааг хурдасгахад AI ашиглах сонирхолтой байгаа аж. Гэхдээ AI лабораторийн ажлыг автоматжуулахын зэрэгцээ хүний хяналт, аюулгүй ажиллагаа зайлшгүй шаардлагатай хэвээр байгааг компанийн зүгээс онцолжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ