9 МЯНГАН ХҮН ГҮЙЖ, 900 МЯНГА НЬ ХОХИРОХ УУ?
Спортын арга хэмжээг эсэргүүцэж байгаа юм биш. Харин хотын нийтийн орон зайг хэрхэн ашиглаж, хэний эрх ашгийг хэрхэн тооцож байгаа тухай асуудал хөндөгдөв.
Марафонд оролцож байгаа хүмүүсийг буруутгах шалтгаан огт байхгүй. Гүйх, спортоор хичээллэх, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих нь зөв. Нийгэмд хөдөлгөөн, спортын соёл түгээх нь бүр ч зөв.
Гэхдээ яагаад спортын соёлыг хөгжүүлэхийн тулд заавал хотын гол замуудыг хааж, хотын бусад иргэдий хөдөлгөөнийг хязгаарлах ёстой гэж?
Өнгөрөгч амралтын өдөр “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцсон байна. 5 км-ийн зайд 1694, 10 км-т 1794, 21 км-т 5349 хүн бүртгүүлж гүйжээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Шөнийн марафон” ХХК, Portal.mn хамтран зохион байгуулсан уг арга хэмжээ нь ердөө нэг гүйлтийн тэмцээн биш, спорт, хөгжим, гэрэл, энтертайнмент, хотын шөнийн уур амьсгалыг хослуулсан фестиваль хэлбэрээр зохион байгуулагдсан гэж албаныхан мэдээлсэн. Тэгвэл фестиваль томрох тусам хотын бусад иргэдийн эрх, хөдөлгөөн, цаг хугацаанд үзүүлэх нөлөө нь ч томорно.
Нэг хэсэг нь гүйхэд нөгөө хэсэг нь яагаад заавал хохирох ёстой вэ?
Шөнийн марафоны үеэр Сүхбаатарын талбайгаас Эмартын уулзвар, Эмарт–120 мянгат, Маршалын гүүр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн замын төгсгөл хүртэлх замд хөдөлгөөний хязгаарлалт хийсэн. Мөн нийтийн тээврийн гурван чиглэлийн нийт 24 автобусны хөдөлгөөнд өөрчлөлт оруулахаар мэдээлсэн. Харин тухайн өдөр давхар зохион байгуулсан “Автомашингүй өдөр”-ийн улмаас 43 чиглэлийн 448 тээврийн хэрэгслийн маршрут, үйлчилгээ өөрчлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл хэдэн хүн гүйгээд өнгөрөх асуудал биш. Хотын хөдөлгөөний систем бүхэлдээ тодорхой хэмжээнд өөрчлөгджээ.
Спортын арга хэмжээнд оролцож буй хүний эрхийг хүндэтгэхийн зэрэгцээ ажилдаа явж байгаа, эмнэлэгт хүрэх гэж байгаа, уулзалттай, бизнес эрхэлж байгаа иргэдийн цаг хугацаа, хөдөлгөөний эрхийг хэрхэн хамгаалах вэ?
Хот гэдэг нэг хэсэг нь хүссэн зүйлээ хийхийн тулд нөгөө хэсэг нь заавал тэвчиж суух ёстой орон зай биш.
Дэлхийн хотууд ч марафон зохион байгуулдаг, тэгээд юу гэж?
Нийслэлийн зүгээс шөнийн марафоныг олон улсын чиг хандлагатай холбон тайлбарласан. Тухайлбал, албаныхан дэлхийн олон улс, хотод ийм арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд автомашины хэрэглээг бууруулах, явган алхах, дугуй унах, нийтийн тээврээр зорчихыг дэмжих зорилготой гэв. Гадаадын томоохон хотууд марафон зохион байгуулдаг гэх жишээ нь Улаанбаатарт ч яг адил арга хэлбэрээр зохион байгуулах нь зөв гэсэн үг биш. Хот бүр өөрийн замын сүлжээ, хүн амын нягтаршил, хөдөлгөөний онцлог, дэд бүтцэдээ нийцүүлэн шийддэг.
Харин ч бусад хотын туршлагаас сурахдаа зөвхөн “марафон хийдэг” гэдгийг нь биш, замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулдаг, ямар замыг сонгодог, альтернатив чиглэлүүдээ хэрхэн төлөвлөдөг, нийтийн тээврээ яаж тасалдуулахгүй байлгадаг, оршин суугчид болон бизнесүүдийн эрх ашгийг хэрхэн хамгаалдаг зэрэг менежментийг нь харах ёстой. Өөрөөр хэлбэл хөгжингүй хотуудтай барьцах гэж байгаа бол хэлбэрт нь биш зохион байгуулалтыг нь хар, сур, хэрэгжүүл, хий...

НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа марафоныг жил бүр зохион байгуулахад дэмжиж, хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлсэн. Мөн уг арга хэмжээ нь иргэдэд хотын орон зайг өөр өнцгөөс мэдрүүлэх боломж гэж тайлбарлав. Гэхдээ хотын орон зайг зөвхөн марафонд оролцогчид өөр өнцгөөс мэдрэх биш, марафонд оролцоогүй иргэд ч тэр өдөр хотоороо саадгүй зорчих эрхтэй. Тэд ч бас хотын иргэд. Та бүхний зохион байгуулсан арга хэмжээнд хэдэн хүн оролцов гэдгээр биш хэдэн хүнд хүртээмжтэй байв, хэдэн хүнд ямар хэмжээний чирэгдэл учруулав, хотын хөдөлгөөнд ямар өртөг бий болгосон бэ гэдгийг давхар тооцох ёстой баймаар юм даа.
Энэ бол марафоны эсрэг асуудал огт биш. Улаанбаатарын иргэд үнэхээр гүйх, дугуй унах, алхах, спортоор хичээллэх хэрэгцээтэй байгаа нь харагдаж байгаа бол хотын бодлого нь жил бүр хэдэн цагийн шоу зохион байгуулахаас илүү спортын тогтвортой дэд бүтцийг бий болгох руу чиглэх ёстой. Тусгай зориулалтын гүйлтийн зам, аюулгүй дугуйн зам, цэцэрлэгт хүрээлэнгийн холбогдсон замын сүлжээ, хотын захиргаа томоохон спортын арга хэмжээ хийхдээ заавал гол зам хаах шаардлагагүй байх хувилбар бодож ол, хий. Иргэдээ гүй гэж уриалдаг нэг өдрийн марафоноос илүү, хүссэн хүн нь маргааш ч, нөгөөдөр ч аюулгүй гүйж болох орчин, дэд бүтцийг бий болгох нь хотын бодлого байх ёстой.
Марафоныг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Шөнийн марафон” ХХК, Portal.mn-тай хамтран зохион байгуулжээ. Харин нийслэлийн төсвөөс уг арга хэмжээнд хэдий хэмжээний хөрөнгө гаргасан, ямар гэрээ байгуулсан, ямар зардлыг нийслэл хариуцсан, ямар зардлыг хувийн зохион байгуулагч болон ивээн тэтгэгчид хариуцсан талаарх мэдээлэл олон нийтэд ил тод болоогүй байна.
Гүйх хүмүүс нь гүйг. Спортоор хичээллэх хүмүүсээ дэмжиг. Марафоноо ч зохион байгуул. Гэхдээ хотын замыг хааж байж спортын соёлыг сурталчилдаг биш, спортын соёл хөгжих тусам хотын амьдрал улам илүү зохион байгуулалттай болдог байх ёстой. Хэрэв үнэхээр иргэдийн гүйх хэрэгцээг олж харсан бол түүнийхээ дэд бүтцийг байгуул. Хэрэв үнэхээр Улаанбаатарыг олон улсын хот болгохыг хүсэж байгаа бол зөвхөн олон улсын арга хэмжээг нь дуурайх биш, түүнийг зохион байгуулдаг хотын менежментийг нь сур.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ