Х.НЯМБААТАРЫН ДЭЛГЭСЭН УЛС ТӨР, БИЗНЕСИЙН СҮЛЖЭЭ
Нэгэн цагт хаан мэт авирлаж, Монголын улс төрд хүч түрэн гарч явсан Х.Нямбаатар өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан улс төрийнхөн рүү үг чулууддаг, хуучин эрх мэдлийн хүрээллээ дэлгэн ярьдаг нэгэн болж хувирав. Түүнийг яллагдагчаар татагдсан тухай мэдээлэл гарсны дараахан Х.Нямбаатар өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан хэд хэдэн ноцтой мэдэгдэл хийж, улс төр, бизнесийн хүрээнд анхаарал татахуйц олон асуудлыг сөхжээ. Тодруулбал Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар цахим хуудсаараа дамжуулан Монголын улс төр, бизнесийн харилцаа, томоохон компаниуд, төрийн шийдвэрүүдийн талаар нэлээд олон асуудал хөндсөн пост нийтэллээ. Түүний бичвэрт улс төрчид, бизнесийн томоохон бүлэглэлүүд, банк санхүүгийн салбар, уул уурхай, эрчим хүч, төрийн шийдвэрүүд гээд Монголын эдийн засаг, улс төрийн гол зангилаатай холбоотой олон асуудлыг хөнджээ. Х.Нямбаатар постынхоо эхэнд тэрээр өөрийгөө УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн улс төрд ороход нь нөлөөлсөн хүмүүсийн нэг хэмээн дурдсан байна.
“Сүүлийн 30 жилийн улс төрийг гурван хүн найруулсан”
Х.Нямбаатарын бичсэн хамгийн анхаарал татах хэсгийн нэг нь Монголын сүүлийн 30 жилийн улс төрийн түүхтэй холбоотой. Тэрбээр MCS-ийн Ж.Оджаргал, “Голомт”-ын Д.Баясгалан, Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг нарыг нэрлээд, Монголын сүүлийн 30 жилийн улс төрийг энэ гурван хүн найруулсан гэсэн байр суурь илэрхийлжээ. Улмаар өөрийн болон Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн улс төрийн үйл ажиллагааг энэ нөхцөл байдлыг өөрчлөх оролдлого байсан гэх агуулгыг хөндөв.
Х.Ганхуяг ба MCS
Тэрбээр Х.Ганхуягийг “Ухаа худаг”-ийн оператор бөгөөд түүний улс төрийн байр суурь болон MCS-ийн хоорондын холбоог хөндсөн байна.
АМНАТ-ийн 300 тэрбум төгрөгийн асуудал
АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой 300 тэрбум төгрөгийн асуудал гарч ирнэ.Түүний бичсэнээр, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагасны “шагнал” болгон MCS-д тухайн үеийн Засгийн газраас АМНАТ-ийн 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлсэн гэх агуулгыг дурджээ. Энэ мөнгө, шийдвэрийн талаар Нямбаатар “нээлттэй мэдээллийн санд байгаа” хэмээн бичсэн байна.
Х.Нямбаатарын ‘’пост ховонд’’ хамгийн сүүлд болсон томоохон үйл явдлын нэг болох Оюу толгойн эрчим хүчний төслийг хөндсөн байв. Тэрбээр өөрийг нь Н.Учралаар “хусуулсны шагнал” нь Оюу толгойн эрчим хүчний тендер болсон гэх агуулга бичжээ. 2026 оны есдүгээр сарын 24-нд Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих төслийн нээлттэй аукцион болж, “Нэт Зеро Тек”, “М Си Эс Интернэйшнл”, “Өвөр Монголын Эрчим Хүчний Олон Улсын Хамтын Ажиллагаа” компанийн түншлэл 7.9 ам.доллар цент/кВт.ц-ийн үнийн саналаар шалгарсан байна.
Б.Жавхлан, Гашуунсухайт, чингэлэг тээврийн терминал
Х.Нямбаатар Б.Жавхланг MCS-тэй хамт Гашуунсухайтын чингэлэг тээврийн терминал эзэмшдэг хэмээн бичсэн байна.
Эндээс уул уурхайн экспорт, боомт, тээвэр ложистик, банк санхүү болон төрийн өндөр албан тушаалтнуудын харилцааг хамарсан дараагийн сэдэв хөндөгджээ. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатарын пост зөвхөн улс төрийн нам, фракцын асуудлаар хязгаарлагдахгүй, нүүрс, боомт, тээвэр, уул уурхайтай холбоотой бизнесийн ашиг сонирхлын асуудлыг мөн хөндөж байна.
Баянхонгорын алтны уурхай юутай холбоотой вэ?
Постын төгсгөл хэсэгт Х.Нямбаатар Баянхонгор аймагт эхлүүлэхээр төлөвлөж буй томоохон алтны уурхайн асуудлыг гаргаж тавьжээ. Тэрбээр MCS-ийн талаар яагаад ярьж байгаагаа тайлбарлахдаа Баянхонгорт томоохон алтны уурхай эхлүүлж байгаа бөгөөд энэ төслийг анхаарлын төвд оруулахгүй байхтай холбоотойгоор өөр асуудлуудыг зэрэг хөндөж байна гэх хардлагын талаар ч дурдсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ