ШАТАХУУН ХОМСДОЖ, "ШАГЧИД" ЭРГЭН ИРЛЭЭ
Улаанбаатарын зарим шатахуун түгээх станцад АИ-92 автобензин авах дараалал нэмэгдсэнтэй зэрэгцэн шатахууныг өндөр үнээр дамлан худалдаалах зар цахим орчинд олширчээ.
“Зориулалтын савтай АИ-92 хүргэлтээр байна. Литр нь 8,000 төгрөг” гэх агуулгатай зарууд сүүлийн өдрүүдэд сошиал орчинд түгээд байгаа бөгөөд зарим иргэд шатахуун түгээх станцад олон цагаар дугаарлахын оронд нэмэгдэл үнээр бензин авах сонголт хийж байна. АИ-92 автобензинийг литрийг нь 7,000-8,000 төгрөгөөр борлуулах тохиолдол гарч байгаа нь ШТС-ийн албан ёсны үнээс хэд дахин өндөр үнэ юм. ШТС-аар АИ-92-ын үнэ 3,040 төгрөг.
Шатахууны нийлүүлэлт тасарсан уу?
Шатахууны шуурхай штабаас 9 дүгээр сарын 25-нд мэдээлэхдээ Улаанбаатарын 105 ШТС-д сүүлийн 24 цагт 987 тонн, орон нутгийн 82 ШТС-д 815 тонн АИ-92 түгээсэн гэж мэдээлсэн. Мөн төмөр замын сүлжээнд 162 вагон цистерн буюу ойролцоогоор 9,720 тонн АИ-92 байсан бөгөөд буулгах өртөөнд 32 вагон бэлэн байсныг мэдээлжээ. Өөрөөр хэлбэл АИ-92-ын нийлүүлэлт бүрэн зогссон нөхцөл биш боловч импортын татан авалт, түгээлтийн хуваарьт хэлбэлзэл үүсэж, хэрэглэгчийн эрэлт тодорхой төрлийн бензин дээр төвлөрснөөс ШТС-уудын ачаалал нэмэгдсэн байна. Шуурхай штабын мэдээллээр АИ-92-ын нөөц өмнө нь найман хоногийн хэмжээнд байсан бол 11 хоног болж өссөн ч зарим өдөр ОХУ-аас ирэх ачилтын хэмжээ буурснаар нөөц дахин нэгээс хоёр хоногоор буурсан тохиолдол гарчээ.
“Шагчид” хаанаас шатахуун авч нөөцөлж байна вэ?
ШТС-уудаар шатахуун олголтын хэмжээ хязгаарлагдах, урт дараалал үүсэх үед зарим иргэд шатахуунаа зориулалтын саванд хийж нөөцлөх болсон байна. Үүнийг даган бензин дахин борлуулах сонирхолтой хүмүүс ШТС-уудын ойролцоо автомашинаар дараалж, тодорхой хэмжээний шатахуун цуглуулан дамлан худалдаалах байдал ажиглагдаж байгаа талаар жолооч нар цахим орчинд мэдээлж байна. Тухайлбал шатахуун бага зарцуулдаг автомашиныг ашиглан ШТС дээр дараалж, шатахуун авсны дараа дахин дугаарлах замаар нөөц бүрдүүлдэг гэх мэдээлэл мөн тархжээ.
Хямд үнэтэй АИ-92 дээр эрэлт төвлөрчээ
Шатахууны шуурхай штабаас Улаанбаатарт АИ-95 болон Евро-5 төрлийн бүтээгдэхүүн дээр дараалал харьцангуй бага, харин хямд үнэтэй АИ-92 дээр ачаалал төвлөрсөн гэж тайлбарласан. Иймээс АИ-92-ын татан авалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаагаа мэдээлсэн юм. Монгол Улс шатахууны эх үүсвэрээ нэмэгдүүлэхээр БНХАУ-аас есдүгээр сард 10 мянган тонн автобензин нийлүүлэхээр тохиролцсон бөгөөд нэмэлтээр 5,000 тонн АИ-92 авах хүсэлт тавьсан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээлсэн.
Ийнхүү улсын хэмжээнд шатахууны нийлүүлэлт үргэлжилж байгаа ч импортын татан авалт, түгээлтийн хэлбэлзэл болон АИ-92-ын эрэлт өндөр байгаа нь ШТС-уудын дарааллыг нэмэгдүүлж байна. Харин энэ нөхцөл байдлыг далимдуулан албан ёсны үнээс хэд дахин өндөр үнээр шатахуун дамлан худалдаалах зар нэмэгдэж байгаа нь шатахууны хомсдолын эдийн засгийн дарамтыг хэрэглэгчдэд улам нэмэгдүүлэх эрсдэлтэй байна. Иймээс иргэд цахим орчинд түгээж буй өндөр үнэтэй шатахууны зарын эх үүсвэр, шатахууны гарал үүсэл, хадгалалт болон аюулгүй байдлыг сайтар шалгах шаардлагатай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ