ИРГЭДИЙН ГАРЫН ҮСЭГ УИХ-ЫГ ТАРААЖ ЧАДАХ УУ?

img

 

Х.Ганхуяг гишүүн “УИХ ажлаа хийхгүй бол тарсан нь дээр” гэж мэдэгдэж, УИХ тарах асуудлыг D-Parliament системээр иргэдийн саналд оруулахаар төлөвлөж байгаагаа 9 дүгээр сарын 24-нд мэдэгдсэн. Түүний хэлснээр төсөв болон бусад асуудал гацаад, гишүүдийн ирц хүрэхгүй байгаа нь ийм санаачилга гаргах шалтгаан болжээ. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин УИХ-ыг тараах сонирхолтой гишүүд дараагийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ зарлачих. Парламентыг шантааж байдлаар ашиглаж болохгүй хэмээв.

ИРГЭД “ТАРААЯ” ГЭЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРВАЛ УИХ ТАРЧИХ УУ?

Монгол Улсын Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэн, эсхүл Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосон тохиолдолд УИХ нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болохоор заасан. Харин УИХ-ын тухай хуулийн 34 дүгээр зүйл энэ механизмыг бүр тодорхой болгож өгсөн байдаг. УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж, хугацаанаас өмнө тарах тогтоолын төсөл өргөн мэдүүлнэ. Уг төслийг мөн УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн байх ёстой. Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн хугацаанаас өмнө тарах тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн ч эцэст нь мөн л УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжих шаардлагатай болох юм. Өөрөөр хэлбэл өнөөгийн 126 гишүүнтэй парламентад энэ босго 84 гишүүн дэмжсэнээр УИХ тарах боломж бүрдэнэ.

Иргэдийн цахим санал, өргөдөл, гарын үсэг бол улс төрийн болон нийтийн оролцооны илэрхийлэл байж болно. Гэхдээ тэр санал өөрөө Үндсэн хуулийн 22 дугаар зүйлд заасан УИХ тарах шийдвэрийг орлохгүй. D-Parliament-ийн үндсэн зорилго олон нийтийн санал бодлыг хууль тогтоох үйл ажиллагаанд тусгах, иргэдийн дуу хоолойг төрийн шийдвэрт хүргэхэд оршдог. Тиймээс Х.Ганхуягийн санаачилга хууль зүйн утгаараа “иргэдийн саналаар УИХ тараах” механизм бий болгож байгаа хэрэг биш. Харин улс төрийн утгаараа зүгээр л пиар хийж яваа нэгэн.

УИХ ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ТАРААХЫН ТУЛД 84 ГИШҮҮН ХЭРЭГТЭЙ

УИХ-ын 84 гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэдгийг хүлээн зөвшөөрч, хуульд заасан журмаар тогтоолын төсөл оруулж, мөн 84 буюу түүнээс дээш гишүүн дэмжиж байж сая УИХ-ын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болно. Үүнээс гадна Ерөнхийлөгч УИХ-ыг тараах эрхийг дур мэдэн хэрэгжүүлэхээр хуульд заагаагүй. УИХ Ерөнхий сайдыг тодорхой хугацаанд томилж чадаагүй зэрэг Үндсэн хуульд заасан тусгай нөхцөл үүссэн тохиолдолд Ерөнхийлөгчийн тараах бүрэн эрх яригдана. Тухайлбал УИХ-ын тухай хуулийн 34.3-т Ерөнхий сайдыг томилохтой холбоотой 45 болон 30 хоногийн тодорхой хугацааны нөхцөлүүдийг тусгасан байдаг.

Тэгэхээр D-Parliament дээрх иргэдийн олон нийтийн улс төрийн дохио гэж ойлгох нь илүү зөв.

Харин УИХ өөрийнхөө ажлыг хийх боломжгүй болсон эсэхийг 126 гишүүнээс хэд нь өөрсдөө хүлээн зөвшөөрөх бол?

СЭТГЭГДЭЛ БИЧИХ