Г.ТЭМҮҮЛЭН Б.ЭНХБАЯРЫН ХҮМҮҮСЭЭР БАГАА БҮРДҮҮЛСЭН ҮҮ?

img

 

С.Амарсайхан өнгөрсөн зургаадугаар сард ЦЕГ-ын дэд даргын түвшинд өөрчлөлт хийж, өөрийн багт ажиллах хүмүүсээ томилсон. Гэвч уг шийдвэрээс хойш ердөө гурван сарын дараа ХЗДХ-ийн сайд солигдсоноор цагдаагийн байгууллагын удирдлагын бүрэлдэхүүнд дахин өөрчлөлт орлоо. Харин шинэ сайд Г.Тэмүүлэнгийн хийсэн томилгооноос харахад өмнөх сайдын сонголтыг үргэлжлүүлсэн бус, харин Б.Энхбаяртай холбоотойгоор өмнө нь ажиллаж байсан албан тушаалтнуудыг буцаан авчирчээ. Тухайлбал, ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг тус тус эгүүлэн томилсон бол Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын дарга Д.Дашнямыг ЦЕГ-ын дэд даргын албан тушаалд дэвшүүлжээ.

Гурван сарын өмнө албан тушаалаасаа буусан хоёр цагдаагийн удирдлага буцаад ирлээ. Харин нэг дүүргийн цагдаагийн газрын дарга ЦЕГ-ын удирдлагын түвшинд дэвшив.

Ерөнхий сайд Н.Учрал есдүгээр сарын 16-нд С.Амарсайханыг ХЗДХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө тус салбарт үүссэн нөхцөл байдал нь дотоод аюулгүй байдлыг хангах байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа болон төрд итгэх олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж тайлбарласан. Мөн тухайн асуудалтай холбоотой харьяа байгууллагын дээд, дунд шатны удирдлагуудыг ч чөлөөлөх чиглэл өгсөн гэж Засгийн газар мэдээлсэн.

Зургаан хоногийн дараа буюу есдүгээр сарын 22-нд Г.Тэмүүлэн ХЗДХ-ийн сайдаар томилогдов. Ерөнхий сайд Н.Учрал УИХ-д танилцуулахдаа өмнөх сайдыг чөлөөлж, шинэ сайдыг томилсон шалтгаанаа мөн л салбарын хэвийн ажиллагаа, дотоод аюулгүй байдал, төрийн байгууллагад итгэх олон нийтийн итгэлтэй холбон тайлбарласан.

Гэтэл шинэ сайдын хамгийн эхний томоохон кадровын шийдвэрүүд анхаарал татахуйц зураглал үүсгэв. Гурван сар болоогүй байхад хоёр хүн буцаж ирэв. Цагдаагийн албаны тухай хуулиар Цагдаагийн төв байгууллага нэг тэргүүн дэд дарга, хоёр дэд даргатай байх бөгөөд эдгээр албан тушаалтныг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлөх эрхтэй. Энэ эрхийн хүрээнд Г.Тэмүүлэнгийн хийсэн өөрчлөлтөөс хамгийн түрүүнд анзаарагдах зүйл бол өмнөх сайдын үед албан тушаалаасаа буусан хүмүүсийн нэг хэсгийг буцаан авчирсан явдал юм.

ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганчулуун өмнө нь энэ албан тушаалыг хашиж байсан бөгөөд 2026 оны зургадугаар сард Тээврийн цагдаагийн албаны даргаар шилжсэн нэгэн. Харин Г.Тэмүүлэн сайд томилогдсоноос хэдхэн хоногийн дараа түүнийг ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар буцаан томилох шийдвэр гаргасан байна. ЦЕГ-ын дэд дарга Б.Дэлгэрсайханы хувьд ч тэрээр өмнө нь ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байгаад 2026 оны зургадугаар сард чөлөөлөгдсөн бөгөөд есдүгээр сарын сүүлээр шинэ сайдын тушаалаар эргэн томилогджээ. Өөрөөр хэлбэл, С.Амарсайханы үед солигдсон хоёр удирдлага Г.Тэмүүлэнгийн томилгоогоор буцаад ирсэн гэсэн үг. Есдүгээр сарын 28-нд Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын дарга Д.Дашнямыг ЦЕГ-ын дэд даргаар томилсон. Д.Дашням нь цагдаагийн байгууллагад 24 дэх жилдээ ажиллаж буй нэгэн. Б.Ганчулуун, Б.Дэлгэрсайхан нарын хувьд буцаан томилох шийдвэр гарсан бол Д.Дашнямын хувьд дэвшүүлэн томилох шийдвэр гарчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ