УИХ-ЫН ГИШҮҮД ХЯНАЛТЫН СОНСГОЛЫГ ИРЦЭЭР БАРЬЦААЛАВ

img

 

Төрийн мөнгийг шалгах ёстой парламент өөрөө ирцийн босгон дээр бүдэрч байна. Хөдөө аж ахуйд төрөөс хэдэн арван жил зарцуулсан мөнгөний мөрөөр парламентын ерөнхий хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжлэх байв. Төрийн мөнгө яг хаашаа орсон бэ, хэнд очиж, ямар үр дүн гарсан болон буцаан төлөгдөөгүй мөнгө хэд байна вэ? гэдгийг нягтлах ёстой хяналтын сонсгол байсан юм. Ерөнхий хяналтын сонсголыг парламент өөрөө зохион байгуулж байгаа. УИХ-ын албан ёсны хуваарьт сонсголыг 9 дүгээр сарын 28, 29-нд зохион байгуулахаар товлосон бөгөөд 9 дүгээр сарын 29-ний өдрийн сонсголыг 08:30 цагт хийхээр тусгасан байна. Эхний өдөр буюу 9 дүгээр сарын 28-нд сонсгол 51.7 хувийн ирцтэйгээр 09:45 цагт эхэлсэн. Парламент өөрөө төрийн мөнгөний зарцуулалтад хяналт тавих гэж байгаа бол хяналт тавих үйл явцдаа өөрөө хариуцлагатай байх ёстой. Төрийн мөнгөний зарцуулалттай холбоотой асуултад хариу авах гэж буй сонсгол гишүүдийн ирцээс болж саатсан нь иргэдийг бухимдалд оруулав.

2015-2025 онд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 29 хөтөлбөр, аян, арга хэмжээний хүрээнд нийт 1.3 их наяд төгрөгийн төрийн дэмжлэг, урамшуулал, зээлийн хүүгийн татаас олгожээ. Энэ хугацаанд салбарын төсөв тав дахин нэмэгдэж, төсвийн ойролцоогоор тал хувь нь татаас, урамшуулал болон хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтэд зарцуулагдсан байна. Харин 2008-2025 оны нийт хугацааг авч үзвэл зөвхөн урамшуулалд 931.7 тэрбум төгрөгийг 1.66 сая гаруй иргэн, аж ахуйн нэгжид олгосон гэх мэдээлэл сонсголын үеэр танилцуулагдсан. Өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгө хөдөө аж ахуйн салбар руу урсаж ирсэн нь энэ. 300 тэрбумын улаанбуудай, 269.9 тэрбумын ноос, төрөөс олгосон урамшууллын задаргаа ч анхаарал татна. 2011-2025 онд улаанбуудайн урамшуулалд 300 тэрбум төгрөг, ноосны урамшуулалд 269.9 тэрбум, цар тахлын үеийн ноолуурын үнийн дэмжлэгт 174.9 тэрбум, арьс ширний урамшуулалд 78.7 тэрбум, нөөцийн мах бэлтгэлд 63.3 тэрбум, хүнсний ногооны урамшуулалд 2022-2025 онд 39.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Эдгээр нь тус бүрдээ тухайн салбарын үйлдвэрлэгчдийг хамгаалах зорилготой бодлогын хэрэгсэл. Гэвч бодлогын зөв эсэхийг зарцуулсан мөнгөөр бус, үр дүнгээр хэмжих учиртай. Хэрэв олон зуун тэрбум төгрөг зарцуулсан байхад бүтээмж дорвитой нэмэгдээгүй, импортын хамаарал буураагүй, өрсөлдөх чадвар сул хэвээрээ байна.

Сонсголыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч М.Мандхай өмнө нь ХХААХҮЯ, Сангийн яам, Монголбанкнаас нийт зургаан хайрцаг мэдээлэл ирсэн боловч тэдгээр мэдээлэл хоорондоо зөрүүтэй, бодит тоон нэгдсэн мэдээлэл дутмаг байсныг хэлж байсан. Улсын хэмжээнд хэдэн төгрөгийг хэнд, ямар шалгуураар олгосон, хэд нь эргэн төлөгдсөн, хэд нь чанаргүй болсон, хэд нь зориулалтын дагуу ашиглагдсан гэсэн нэг мөр дата байх ёстой. Гэтэл сонсгол зохион байгуулахын өмнөх шатанд хүртэл ийм нэгдсэн зураглал бүрдээгүй байв. Тэр ч бүү хэл, ажлын хэсгийн гишүүд зээл, урамшуулалд хамрагдсан үйлдвэрлэгчид болон аж ахуйн нэгжүүдийг аймаг, бүсээр нь ангилж, зээл авсан компани, өмчлөгчийн нэр, эргэн төлөлтийн хугацаа, хүүгийн татааст хэдэн төгрөг зарцуулсан, зээлийг зориулалтын бусаар ашигласан эсэх мэдээллийг илүү тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн юм.

Шинжээчийн танилцуулснаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 96.8 тэрбум төгрөг, Мал хамгаалах сангаас 28.3 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөгүй байна. Төрийн зээл эргэн төлөгдөхгүй болсон тохиолдолд эрсдэл нь эцэстээ татвар төлөгч дээр ирнэ. Тиймээс төрийн дэмжлэгийг цаашид үргэлжлүүлэх эсэхээс өмнө хуучин дэмжлэгийн эргэн төлөлт, үр ашиг, хүртээмж, хариуцлагын тогтолцоог нягтлах шаардлагатай. Салбарын өнөөгийн нөхцөлийг 2010 онтой харьцуулахад ажиллах хүч 31 мянгаар буурч, бүтээмж улсын дунджаас хоёр дахин бага байгаа талаар танилцуулжээ. Мөн 2017 онтой харьцуулахад салбарын өрсөлдөх чадвар буурсан гэж дүгнэсэн байна. Төрийн бодлогоор ийм хэмжээний мөнгө зарцуулсан бол үйлдвэрлэл, бүтээмж, орлого, ажлын байр, импортын орлуулалт зэрэг үзүүлэлтээр бодит үр дүнг нь тооцох ёстой.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ