БНСУ-д жилд 400 орчим бага насны хүүхэд бизнес эрхлэгчээр бүртгүүлжээ
Өмнөд Солонгос улсад жил бүр хэдэн 100 бага насны хүүхэд бизнес эрхлэгчээр бүртгэгддэг болохыг Үндэсний эрүүл мэндийн даатгалын албанаас мэдээлжээ. Тодруулбал, 2021-2025 оны хооронд жилд дунджаар 382 насанд хүрээгүй хүүхэд бизнесийн төлөөлөгч буюу бизнес эрхлэгчээр бүртгэгдсэн байна. Тэдгээр бяцхан бизнес эрхлэгчдийн дунд сургуульд ч ороогүй хүүхдүүд олон байдаг. Түүнчлэн жилийн 100 сая воноос давсан орлоготой гэж бүртгүүлсэн 21 хүүхэд байна.
Уг мэдээллийг гаргуулж авсан эрх баригч Ардчилсан намын гишүүн Мүн Жин Сок "Живхнээсээ дөнгөж гарсан хүүхэд хүртэл жилд 100 сая воны орлого олдог бизнес эрхлэгчээр бүртгэгдэж байна. Энэ нь манай нийгэмд тэгш бус байдал яаж газар авсныг харуулж байна" гэжээ.Бизнес эрхлэгчээр бүртгэгдэж буй хүүхдүүдийг насны бүлгээр нь авч үзвэл, 151 нь 11-15, 129 нь 16-18, 81 нь 6-10, 22 нь тав ба түүнээс доош насныхан байжээ.
Харин 100 сая воноос дээш орлого олдог гэж бүртгэгдсэн хүүхдүүдийн 12 нь 11-15 насныхан, зургаа нь 16-18 насныхан, хоёр нь 6-10 насныхан, нэг нь таваас доош насных байжээ.
Таван жилийн хугацаанд бүртгэгдсэн нийт хүүхдийн тоо 1909 хүрсэн ч энэ нь 1909 өөр хүүхэд биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Нэг л хүүхэд жил бүр бүртгэгдсэн бол давхар тоологдож явна гэсэн үг. Түүнчлэн дээрх мэдээлэлд зөвхөн бизнес эрхлэгч гэсэн бүртгэлээр дамжуулан эрүүл мэндийн даатгалд хамрагдсан насанд хүрээгүй хүүхдүүд багтсан байна.
Бүртгэлүүдийн ихэнх нь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бизнесүүдэд төвлөрчээ. Сүүлийн таван жилийн хугацаанд хамгийн өндөр орлоготой гэж бүртгэгдсэн 100 тохиолдлыг нягтлахад 95 нь үл хөдлөх хөрөнгө, түрээс болон бизнесийн үйлчилгээний салбарт, дөрөв нь бөөний болон жижиглэн худалдаа, хэрэглээний бараа засварын салбарт, нэг нь үйлдвэрлэлийн салбарт хамаарч байсан.
Бүс нутгаар нь авч үзвэл Сөүл хотод хамгийн олон буюу жилд дунджаар 237 насанд хүрээгүй бизнесийн төлөөлөгч бүртгэгдсэн байна. Үүний дараа Кёнги муж 69, Инчон хот 23, Бусан хот 19 гэсэн үзүүлэлтээр удаалжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ