Ажил эрхэлдэг оюутан, суралцагчид нийгмийн даатгалаас чөлөөлөгдөх боломжтой болжээ
Ажил эрхэлж байгаа оюутан, суралцагчид нийгмийн даатгалын зарим шимтгэлээс чөлөөлөгдөх, нөхөн төлөх боломжтой боллоо
Улсын Их Хурлын чуулганы 2026 оны долдугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар суралцахын зэрэгцээ хөдөлмөр эрхэлж буй оюутан, суралцагчдыг дэмжих, тэдний нийгмийн баталгааг хангах болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх шинэ зохицуулалт тусгагдсан гэдгийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлэв.
Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтөөр суралцахын зэрэгцээ хөдөлмөр эрхэлж байгаа оюутан суралцагчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, шимтгэл төлөлтөд уян хатан нөхцөл бүрдүүлэхээр хуульчилсан байна.
"Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрөөр, их сургууль, коллежид дэд бакалавр болон бакалаврын хөтөлбөрөөр суралцаж байгаа 15-24 насны суралцагч хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх, түүнтэй адилтгах гэрээгээр ажиллаж байгаа бол өөрийн хүсэлтээр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалаас бусад нийгмийн даатгалын төрөлд даатгуулахгүй байж болно" гэж тусгажээ.
Оюутан, суралцагч 26 нас хүрэхээсээ өмнө төлөөгүй тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж болно. Шимтгэл нөхөн төлөх хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад гарган шимтгэл төлөх хугацаа, шимтгэлийн хэмжээг байгуулсан гэрээгээр тохирох юм байна. Уг хуулийн зохицуулалт 2028 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ