2.6 ИХ НАЯД ХЭНИЙ ГАРААР ОРОВ?

img

Сонсгол ирцгүйгээс хойшилсон нь асуудлыг улам томрууллаа. Хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарт сүүлийн 18 орчим жил төсвийн мөнгө хэдэн их наядаар эргэлджээ. Харин энэ мөнгө яг хэнд ямар шалгуураар олгогдсон, хэд нь эргэн төлөгдөж, хичнээн нь чанаргүй зээл болж, хэд нь бодит үйлдвэрлэл бий болгосон бэ гэдэг нь тодорхойгүй байна. Бүр тодруулбал, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2008 оноос хойших хугацаанд хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэийн салбарт төрөөс олгосон дэмжлэг, урамшуулал, зээлийн хүүгийн татаасын хэрэгжилтийг хэлэлцэх ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны есдүгээр сарын 28,29-нд зохион байгуулахаар зарласан. Гэвч есдүгээр сарын 29-нд сонсгол үргэлжилж чадсангүй. Гишүүдийн ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар хойшиллоо. Улмаар 4.4 их наяд төгрөгийн зарцуулалтыг ил болгох, цаашид хянан шалгах түр хороо байгуулах асуудал яригдав. Сонсгол яагаад хойшилсон бэ? Эсвэл 2008 оноос хойш хуримтлагдсан асар их хэмжээний мөнгөний зарцуулалт, зээлийн эргэн төлөлт, ашиг хүртэгчдийн нэрс, улс төрийн холбоосууд ил болохоос хэн нэгэн эмээгээд байна уу? Ажлын хэсгийн танилцуулсан мэдээллээр 2008 оноос хойш салбарт төрөөс нийт 4.4 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл, зээлийн хүүгийн татаас, урамшууллын хэлбэрээр дэмжлэг үзүүлсэн байна. Харин сүүлийн жилүүдийн хүнсний хангамж, аюулгүй байдал, шинэ хоршоо чинээлэг малчин, цагаан алт, атар-4 зэрэг хөтөлбөрүүдийн хүрээнд нийт 2.6 их наяд төгрөгийн зарцуулалтыг нэг бүрчлэн тогтоох шаардлага бий болжээ.

2008 оноос өнөөг хүртэл ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан хүмүүс

2008.09 Ц.Ганхуяг, 2008.09–2012.08 Т.Бадамжунай, 2012–2014  Х.Баттулга, 2014–2016 Р.Бурмаа, 2016–2017 П.Сэргэлэн, 2017–2019 Б.Батзориг, 2019–2020 Ч.Улаан, 2020–2022 З.Мэндсайхан, 2022–2024 Х.Болорчулуун, 2024.07–2025 Ж.Энхбаяр, 2025.11 М.Бадамсүрэн, 2026.04 Ц.Идэрбат.

Хэрэв шалгалтын зорилго нь төрийн дэмжлэгийн үр дүнг бодитоор тогтоох юм бол асуудлыг аль нэг сайдад наагаад улстөржүүлээд орхих учиргүй. Төсвийн мөнгө хэрхэн зарцуулагдсан, ямар шалгуураар санхүүжилт олгосон, дэмжлэг нь бодит үр дүнд хүрсэн эсэх, яагаад хөнгөлөлттэй зээлийн хэмжээ өссөн гэдгийг тогтоох ёстой. Тиймээс салбарт ажилласан сайд нар биш, тухайн үед шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнууд, зээл олгосон арилжааны банкуудын холбогдох шийдвэрүүд, сонгон шалгаруулалтын комиссууд, хяналт тавих үүрэгтэй байгууллагууд байх ёстой.

Хяналтын сонсголын үеэр нэг аж ахуйн нэгж олон удаагийн үйлдлээр их хэмжээний зээл авсан, өмнө нь найдваргүй ангилалд орж байсан аж ахуйн нэгжид дахин зээл олгосон зэрэг асуудлууд яригдсан.

Тиймээс хууль зөрчсөн эсэх, ашиг сонирхлын зөрчилтэй, хуурамч баримт ашигласан, зориуд хяналт тавиагүй үйлдэл байсан эсэхийг хууль хяналтын байгууллага тогтоох ёстой юм.

СОНСГОЛ ХОЙШИЛСОН НЬ ӨӨРӨӨ БАС ШАЛГАХ АСУУДАЛ

Есдүгээр сарын 29-нд сонсгол ирц хүрээгүйн улмаас үргэлжилж чадаагүй. Гэхдээ яагаад ирц бүрдээгүй, ямар шалтгаанаар хэн хэн ирээгүй, өмнө нь шаардсан баримт бүрэн ирсэн эсэхийг нээлттэй мэдээллэх хэрэгтэй. Хамгийн гол нь шийдвэр гаргагчид болон ашиг хүртэгчдийн хооронд ямар нэгэн хууль бус холбоос байсан болоод сонсголыг зориуд зохион байгуулсангүй гэж хардахаар байна. Татвар төлөгчдийн мөнгийг хөнгөлөлттэй зээлэнд зарцуулсан бол энэ мөнгө буцаад эдийн засагтаа орж ирэх ёстой, үйлдвэр бий болох ёстой, ажлын байр бий болох ёстой. Харин зээл нэрээр төсвийн мөнгө гараад эргэн төлөлтгүй болж, нэг этгээдэд олон удаа давтан зээл өгч байсан бол анхнаасаа хуулийн хулгай байсан гэж хардах нөхцөл бүрдээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ