6 ХУВИЙН ЗЭЭЛ ХЭНД ХҮРЧ БАЙНА ВЭ?
Жижиг дэлгүүрийн эзэн сарын эцэст ажилчдынхаа цалинг тавихын тулд зээл хайж байна. Түүний хувьд өнөөдөр 10 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгө босгож чадах эсэх нь ирэх сарын бизнесээ үргэлжлүүлэх эсэхтэй нь шууд холбоотой.
Нөгөө талд төрөөс бодлогоор дэмжсэн, зах зээлийн хүүгээс хэд дахин бага өртөгтэй 5, 6 хувийн зээл бий. Харин жижиг бизнес эрхлэгчдэд дээрх бага хүүтэй зээл олддог уу?
Монголбанкнаас гаргасан 2026 оны мөнгөний бодлогын тайланд шинээр олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 17.1 хувь байсан бөгөөд хөнгөлөлттэй зээлийг хасаж тооцвол 17.3 хувьтай байна. Өөрөөр хэлбэл зах зээл дээр бизнесийн зээлийн өртөг хоёр оронтой тоонд хэвээр байна. Гэтэл төрийн бодлогоор дэмжиж буй зарим хөтөлбөрт зээлдэгчийн төлөх хүү 5-6 хувь хүртэл буурчээ. Жишээлбэл, 2026 онд Жижиг, дунд үйлдвэрийн газраас зарласан зарим хөтөлбөрийн зээлийн хүү жилийн 5 хувь байна. Өмнөговь аймагт 5.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 5 хувийн хүүтэй олгохоор төсөл хүлээн авсан бол Дундговьд мөн 5 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлжээ. Харин аялал жуулчлалын салбарт өөр механизм ажиллаж байна. Арилжааны банкууд зээлийг өөрсдийн эх үүсвэрээр олгож, төр 18 хувийн хүүгээс 12 нэгж хувийг дэмжсэнээр зээлдэгч 6 хувийн хүү төлж байна. 2026 онд уг хөтөлбөрөөр 250-267 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн бөгөөд хүүгийн дэмжлэгт улсын төсвөөс хөрөнгө гаргаж байна.
100 сая төгрөгийн зээлийг зөвхөн жилийн хүүгээр тооцвол 6 хувийн хүүтэй бол 6 сая төгрөг, 18 хувийн хүүтэй бол 18 сая төгрөг, 36 хувийн хүүтэй бол 36 сая төгрөг. 6 хувийн зээл авч чадсан бизнес 18 хувийн зээлтэй харьцуулахад жилд 12 сая төгрөгийн хүүгийн зардал хэмнэж байгаа хэрэг. Жижиг бизнесүүдийн хувьд 12 сая төгрөг гэдэг зүгээр ч нэг жижигхэн хөнгөлөлт биш. Нэг ажилтны бүтэн жилийн цалин, хэд хэдэн ажилтны нийгмийн даатгалын шимтгэл, эсвэл хэдэн сарын түрээсийн төлбөр.
2025 оны байдлаар Монгол Улсад 82,471 жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бүртгэгдсэн бөгөөд 555,500 хүн энэ салбарт ажиллаж байна. Мөн нийт идэвхтэй аж ахуйн нэгжийн тоо 110,051, нийт ажиллагсдын тоо 1.35 саяд хүрсэн байна. Тэгэхээр жижиг, дунд бизнес бол эдийн засгийн захын жижигхэн хэсэг биш гэдгийг харуулж буй юм. Тэдний ард хэдэн зуун мянган ажлын байр, олон өрхийн орлого, нийлүүлэлтийн сүлжээ, өдөр тутмын хэрэглээний зах зээл бий. Гэхдээ жижиг бизнесийн санхүүжилтийн хэрэгцээ том компаниас огт өөр. Том компани шинэ үйлдвэр барих, тоног төхөөрөмж авах, экспортын хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд урт хугацааны хөрөнгө оруулалтын зээл хайдаг. Харин тав, арван ажилтантай бизнесийн хувьд өнөөдрийн борлуулалт, маргаашийн цалин, түрээс, татвар, бараа материалын эргэлт хамгийн түрүүнд тавигддаг байна. Өөрөөр хэлбэл жижиг бизнест хөрөнгө оруулалтын зээлээс гадна эргэлтийн хөрөнгийн санхүүжилт амин чухал.
Төрөөс хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүд цөөнгүй бий. 2026 оны төсөвт “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Шинэ хоршоо”, “Цагаан алт”, “Атар-4” зэрэг хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээл, хүүгийн дэмжлэг тусгагдсан нь бий. Засгийн газар 2026 онд нийт 995.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгж, хоршоонд олгохоор тооцжээ. 995.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээс хэд нь бичил бизнест, хэд нь жижиг бизнест, хэд нь дунд болон том аж ахуйн нэгжид очсон бэ?
Хөнгөлөлттэй зээлийн зарим хөтөлбөрт арилжааны банкууд зээлдэгчийг өөрсдийн эрсдэлийн үнэлгээ, дотоод шалгуураар сонгодог. Жишээлбэл, аялал жуулчлалын 6 хувийн хүүтэй зээлийг арилжааны 10 банк өөрсдийн дотоод шалгуур, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн олгохоор зохицуулсан байна. Энэ механизмд тодорхой давуу тал бий. Төр зээлийг шууд улс төрийн шийдвэрээр хуваарилах бус, санхүүгийн байгууллага эрсдэлийг үнэлж байгаа нь зээлийн сахилга, хариуцлагын хувьд ач холбогдолтой. Гэхдээ нөгөө талд нь жижиг бизнесийн бодит бэрхшээл байсаар байна. Шинээр үйл ажиллагаа эхлүүлнэ, барьцаа хөрөнгө багатай, санхүүгийн тайлангийн түүх гэх юмгүй, орлого нь улирлын шинжтэ, өдөр тутмын орлогоосоо цалин, түрээсээ төлдөг гээд ийм бизнес банкны эрсдэлийн шалгуурт барагтай л бол тэнцдэггүй.
Төр хүүгийн зардлыг төсвөөс дааж, хөнгөлөлттэй буюу хямд эх үүсвэр бий болгож болно. Гэвч санхүүжилтийн хамгийн их хэрэгцээтэй жижиг бизнесүүд тэр мөнгөнд хүрч чадахгүй байна. Харин санхүүгийн тайлан нь сайн, хангалттай барьцаатай, банкны шаардлага хангах боломжтой бизнесүүд хөнгөлөлттэй зээлд илүү амархан хүрдэг нь үнэн. Үндэсний аудитын газрын өмнөх тайлангуудад ч журмын дагуу арилжааны банкаар дамжуулан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоогүй тохиолдлууд тэмдэглэгдсэн байдаг. Тиймээс асуудал нь хөнгөлөлттэй зээл олгож байгаадаа бус хамгийн гол нь бодит амьдрал дээр хэнд хүрч, хэний бизнесийг дэмжиж байна вэ гэдэг л чухал юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ