Шийтгэлийн хугацаа дуусаагүй, эрхээ түр түдгэлзүүлсэн бөхчүүдийн жагсаалтыг танилцууллаа
Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага өчигдрийн байдлаар эрх хасах шийтгэлийн хугацаа нь дуусаагүй болон эрх нь түр түдгэлзүүлсэн үндэсний бөхийн тамирчдын жагсаалтыг олон нийтэд мэдээлжээ.
Допингийн эсрэг үндэсний дүрмийн 14.9-д тамирчин болон холбогдох допингийн эсрэг байгууллагуудад зохих мэдэгдлийг хүргүүлсний дараа тухайн тамирчин, хориотой бодис, арга, зөрчлийн шинж чанар болон түр түдгэлзүүлсэн талаар олон нийтэд мэдээлэхээр заасан. Түүнчлэн 14.13-т холбогдох мэдээллийг Үндэсний допингийн эсрэг байгууллагын, эсвэл спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын цахим хуудсанд байршуулна гэж заасан байдаг.
Жагсаалтад нийт 29 үндэсний бөхийн тамирчин багтсанаас 22 тамирчин эрх хасах шийтгэлтэй, 7 тамирчны эрх түр түдгэлзүүлжээ. Тамирчдын овог, нэр, зөрчлийн төрөл, эрх хассан хугацаа, шинжилгээ авсан өдөр, эрх сэргэх огноо болон шийдвэр гаргасан байгууллага, холбогдох тайлбарыг жагсаалтад тусгасан байна.
Эрх түр түдгэлзүүлсэн тамирчдын хувьд үр дүнгийн удирдлагын болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд түр түдгэлзүүлсэн статус нь допингийн эсрэг дүрмийн зөрчлийг эцэслэн тогтоож, эрх хасах шийтгэл оногдуулсан гэсэн утгыг илэрхийлэхгүй болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ