Хонины махны үнэ нэг жилийн дотор 55 хувиар өсжээ
Өдөр тутмын хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ иргэдийн өрхийн амжиргаанд шууд нөлөөлдөг. Ялангуяа мах, хүнсний ногоо зэрэг зайлшгүй хэрэгцээт бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэх нь иргэдийн амьдралд асар их дарамт болно. Тэгвэл үнийн өсөлтийн талаар МЭК ХХК харьцуулсан судалгаа гаргажээ.
Үүнд: 12 нэр төрлийн бүтээгдэхүүнээс бүрдэх хүнсний багцын үнэ нэг жилийн хугацаанд 18 хувиар өссөн байна. Харин энэ өсөлтийн дундаас хонины махны үнэ хамгийн өндөр буюу 55 хувиар нэмэгдсэн нь анхаарал татаж байна. Харин үнийн өсөлтөд хамгийн их нөлөөлж буй бүтээгдэхүүн нь хонины мах байгаа юм.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс үнэ нь 55 хувиар нэмэгджээ.
МЭК ХХК-ийн судалгаанд 2025 оны аравдугаар сарын 1, 2026 оны нэгдүгээр сарын 2, есдүгээр сарын 2 болон аравдугаар сарын 1-ний өдрүүдэд Номин супермаркетаас ижил нэр төрлийн 12 бүтээгдэхүүний үнийг авч үзсэн байна.Өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нд 0.954 кг хонины мах 15,722 төгрөгийн үнэтэй байсан бол энэ оны аравдугаар сарын 1-нд 24,308 төгрөг болж, 8,586 төгрөгөөр нэмэгджээ.
Хонины махны үнэ зөвхөн жилийн дүнгээр ч биш, оны эхэн үеэс ч мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. 2026 оны нэгдүгээр сарын 2-нд 0.954 кг хонины мах 16,962 төгрөг байсан бол аравдугаар сарын 1-нд 24,308 төгрөг болж, 43 хувиар өссөн байна. Харин есдүгээр сарын 2-нд 22,400 төгрөг байсан бөгөөд нэг сарын дотор дахин 9 хувиар өссөн байна.
Хүнсний багцын бусад бүтээгдэхүүний хувьд мөн өссөн. Тухайлбал, “Любимый” жүүс 11 хувь, наранцэцгийн тос 10 хувь, талх 9 хувь, өндөг 7 хувь, “Миниий Монголын” сүү 6 хувь, дээд гурил 2 хувиар тус тус өссөн байна.
Нөгөө талд зарим хүнсний ногооны үнэ буурчээ. Сонгино 29 хувь, төмс 27 хувиар хямдарсан бол цагаан будааны үнэ өмнөх оны мөн үеийнхтэй адил буюу 9,558 төгрөг хэвээр байна. Ингэснээр 12 нэр төрлийн бүтээгдэхүүнээс бүрдэх хүнсний багцын нийт үнэ 2025 оны аравдугаар сарын 1-нд 66,592 төгрөг байсан бол 2026 оны аравдугаар сарын 1-нд 78,337 төгрөг болж, 11,745 төгрөгөөр нэмэгджээ.Энэ нь нийт багцын үнэ нэг жилийн хугацаанд ойролцоогоор 18 хувиар өссөн гэсэн үг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ