Г.ДАМДИННЯМ ИРГЭДИЙН ДУНД ''ЯС'' ХАЯАД ЯВЖ БАЙНА
Иргэдийг хооронд нь хэрэлдүүлэхээсээ өмнө МАН өөрийнхөө найман жилийн ажлыг тооцоод үз.
Өчигдөр Г.Дамдинням сайд иргэдийн дундаас буруутан хайж эхлэв. 2026 оны аравдугаар сарын 4-ний шөнө Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нийслэлийн шатахуун түгээх станцуудаар явж нөхцөл байдалтай танилцжээ. Төрийн сайд газар дээр нь очсон нь муу зүйл биш. Харин сайдын ярианаас өнөөдрийн хямралын хариуцлагыг өөрсдөөсөө биш иргэдийн үйлдэлтэй холбож тайлбарлах хандлага илүү анзаарагдав. Приус машины арын багажийг татаж, бензин соруулах зориулалтын сав байрлуулаад шатахуун авч, цааш нь “шаглаж” зарж байгаа хүмүүсийн тухай өмнө нь ярьж байсан. Мэдээж шатахуун дамлан худалдаалж байгаа хүн байвал шалгаж, хууль зөрчсөн бол торгох хэрэгтэй. Гэхдээ нэг, хоёр, арван хүний байж болох үйлдлийг нийт дараалалд зогсож байгаа хэдэн зуун иргэний дүр төрх болгож болохгүй. ШТС-ын өмнө хэдэн арван цагаар зогсож байгаа хүн болгон “шагчин” биш шүү. Тэнд чинь түмэн шалтгаантай хүмүүс бензин авахын тулд хамаг байдаг цагаа шатахуунд зарцуулж байна гэдгийг ойлгодог юм уу ер нь энэ Г.Дамдинням сайд.
Уг нь Г.Дамдинням сайд иргэний машины багажнаас сав хайхаасаа өмнө улсын стратегийн нөөцийн агуулах дотор хэдэн тонн бензин байгааг асууж, шалгах ёстой баймаар. Иргэдээс та нар яагаад их бензин авч байгаа юм? гэж асууж буруутгахаасөө өмнө Монгол Улс яагаад хангалттай нөөцтэй байж чадсангүй вэ? гэж өөрсдөөсөө асуух ёстой биш юм уу? Монгол Улс шатахуунаа 100 хувь импортоор хангадаг гэдгийг хэн хүнгүй мэднээ. Иргэд импортын бодлого тодорхойлдоггүй. Бас ОХУ-ын нийлүүлэлтээс хэт хамааралтай байх эсэхийг шийддэггүй. Шийд гэж Г.Дамдиннямыг УИХ-д сонгосон бишүү. Гэтэл яагаад асуудал гарахаар хамгийн түрүүнд иргэн рүүгээ хуруугаа чичлээд байдаг юм бэ? Миний мэдэхээр аль эрт 2015 онд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлэх тухай шийдвэр гарч 2019 онд дахиад л 30 хоногийн нөөц бүрдүүлэх үүрэг өгөөд л явж байсан. Тэр үед нийт 133 мянган тонн нөөц бүрдүүлэх тухай зорилт хүртэл тавьсан байдаг. Одоо 2026 он. Дахиад л агуулах, нөөцөө ярьсаар л байна. Өөрөөр хэлбэл бид нэг асуудлаа арван жил шахам ярьсан хэвээрээ байна. МАН 2016 онд 65 суудалтайгаар төр барьсан. 2020 онд 62 суудал авсан. 2024 онд 68 суудалтай болсон. Өөрөөр хэлбэл сүүлийн арван жилийн Монголын төрийн бодлогын томоохон хэсэгт МАН голлох хариуцлагыг үүрч ирсэн. Тиймээс өнөөдрийн шатахууны асуудал дээр буруутан нь иргэд биш эрх барьж засаглаж буй МАН тэдний тойроон хүрээлэгчид буруутай.
“БҮДҮҮЛЭГ ХАРЬЦВАЛ БЕНЗИН БИТГИЙ ӨГ” гэв үү?
Иргэн түгээгчтэй бүдүүлэг харьцсан бол аль аль нь хуулийн дагуу арга хэмжээ авхуулж болно, нээлттэй. Гэхдээ “бүдүүлэг харьцвал бензин битгий өг” гэдгийг юу гэж ойлгох вэ? Шатахуун түгээх станц бол түгээгчийн хувийн уур, гомдол, сэтгэл хөдлөлөөр иргэнд үйлчлэх эсэхийг шийддэг газар биш. Иргэн, үйлчилгээ үзүүлэгч хоёрын хооронд маргаан гарвал түүнийг дүрэм журмын дагуу шийдэх ёстой болохоос үйлчилгээ үзүүлэх эсэхийг шийтгэлийн хэрэгсэл болгож болохгүй. Өнөөдөр “чи надтай муухай харьцсан учраас бензин өгөхгүй” гэдэг зарчим зөвшөөрөгдвөл маргааш төрийн бусад үйлчилгээ ч мөн адил хувь хүний ааш авир, сэтгэл хөдлөлөөс хамаарах аюултай шүү дээ эрхэм сайдаа... Төрийн болон нийтийн үйлчилгээ гэдэг хэн нэгний хувийн уур бухимдлаар хэмжигддэг зүйл биш. Тэр тусмаа шатахуун шиг иргэдийн өдөр тутмын амьдрал, нийслэлийн хэвийн үйл ажиллагаатай шууд холбоотой бүтээгдэхүүний түгээлтийг хувь хүний гомдол, бухимдлаар шийдэх ёсгүй. Өнөөдөр шатахууны дараалалд зогсож буй иргэд бие биеэ хардаж эхэлж байна. Энэ чинь шагчин юм биш үү? яагаад ийм их бензин авч байгаа юм бол? гээд иргэдийнхээ дунд яс хаяад явчихаж болохгүй баймаар.
Иргэн бензин авах гэж дугаарлах, машиныхаа банкийг бензинээр дүүргэх гэсэн нь гэм биш. Хэдэн цаг дугаарлаж, ажил амьдралаа зохицуулж чадахгүй болсон хүн бухимдах нь ч гайхах зүйл биш. Шатахуун дамлан зарж байгаа хүн байвал шалга. Хууль зөрчсөн бол хариуцлага тооц. Гэхдээ цөөн хэдэн зөрчлийг нийт иргэдэд нааж, жирийн хэрэглэгчийг сэжигтэн мэт харуулах гээд хэрэггүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ