Ямааны годрон өвчнийг хилээр хууль бусаар оруулж ирсэн байж болзошгүй
Монгол Улсад дахин бүртгэгдээд буй ямааны годрон өвчний халдварын эх үүсвэр, хил дамнасан малын хууль бус хөдөлгөөнтэй холбоотой эсэх асуудал анхаарал татаж эхлээд буй.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр ямааны годрон өвчин хилээр хууль бусаар мал оруулж ирсэнтэй холбоотой байж болзошгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Хэдийгээр эцэслэн тогтоогдсон дүгнэлт биш ч өвчний халдварын эх үүсвэр, малын хөдөлгөөний замнал, хил орчмын нөхцөл байдлыг мэргэжлийн байгууллагууд шалгаж байгаа аж. Говь-Алтай аймгийн Цогт суманд ямааны годрон өвчний халдвар бүртгэгдэж, 3000 гаруй ямааг есдүгээр сарын 27-нд устгалд оруулсан байна. Мөн тус аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны нутаг дэвсгэрт өвчний голомт илэрч, лабораторийн шинжилгээгээр баталгаажжээ.
Голомтын бүсэд хорио цээрийн дэглэм тогтоож, эргүүл, пост ажиллуулан малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан аж. Үүнээс гадна Төв аймгийн зарим суманд годрон өвчний тохиолдол бүртгэгдсэн бөгөөд халдвар цааш тархах эрсдэлтэй байгааг орон нутгийн Онцгой комиссоос анхааруулаад байна. Өнгөрсөн есдүгээр сарын 30-нд гарсан мэдээлэлд Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийн газрын дарга Б.Болдбаатарын мэдээллийг иш татан, цахим орчинд нийтлэгдсэн “ухна зарна” гэх зарын дагуу хил дамнан мал зөөвөрлөгдсөн байж болзошгүй талаар мэдээлсэн байна.
Уг мэдээлэлд энэ нь өвчний халдвар Монголд орж ирсэн боломжит замын нэг гэж дурджээ. Годрон гэж ямар өвчин бэ? Ямааны годрон буюу Contagious Caprine Pleuropneumonia (CCPP) нь ямааны уушги, гялтанг гэмтээдэг гоц халдварт өвчин юм. Өвчний үүсгэгч нь Mycoplasma capricolum subsp. capripneumoniae бөгөөд ямаанд голлон халдварладаг.
Өвчин нь амьсгалын замаар тархах бөгөөд халдвар авсан сүрэгт богино хугацаанд олноор өвчлөх эрсдэлтэй. Монгол Улсад ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх албан ёсны зааврыг 2024 онд шинэчлэн баталсан байдаг. Ямааны годрон өвчин 2024 онд Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл сумдын зааг нутагт бүртгэгдсэн бөгөөд тухайн үед Монгол Улсад олон арван жилийн дараа дахин илэрсэн тохиолдол гэж мэдээлж байв.
Тухайн дэгдэлтийн үеэр 91 малчин өрхийн 14,252 ямааг зориудаар устгалд оруулж, халдварын голомтыг хязгаарласан байна. Улсын төсвөөс нөхөн төлбөрт 2.8 тэрбум төгрөг олгожээ. Тиймээс 2026 оны шинэ дэгдэлт нь малын эрүүл мэнд, хил орчмын малын хөдөлгөөний хяналт, хууль бус малын худалдаа, тээвэрлэлтийн асуудлыг дахин хурцаар тавьж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ