Нэтфликс Холливудын том найруулагчдаас татгалзаж эхлэлээ

img

 

 

Нэтфликс платформ Дэвид Финчер зэрэг алдарт уран бүтээлчидтэй байгуулсан урт хугацааны гэрээнүүд дуусаж байна. Харин энэхүү дэлхийн хамгийн том стриминг платформуудын нэг “Нэтфликс” Холливудын алдарт найруулагчидтай байгуулсан урт хугацааны гэрээнүүдээ дахин шинэчлэхгүй байх чиглэлд шилжиж байна.

“Зодооны клуб”, “Долоо”, “Нийгмийн сүлжээ” зэрэг алдартай киногоороо танигдсан найруулагч Дэвид Финчерийн “Нэтфликс”-тэй байгуулсан гэрээ 2027 онд дуусах бөгөөд цаашид үргэлжлүүлэхгүй гэж мэдээлжээ. Мөн Шон Леви, Дафферын ах дүүс зэрэг нэртэй уран бүтээлчидтэй холбоотой хамтын ажиллагаанд нь ч өөрчлөлт орж байгаа гэнэ.

Шинжээчдийн үзэж буйгаар энэ нь “Нэтфликс” өндөр төсөвтэй, нэр хүндтэй киноноос татгалзаж байна гэсэн үг биш. Харин компанийн гол зорилго үзэгчийг платформ дээр удаан байлгах, тогтмол үзэлттэй контент үйлдвэрлэхэд шилжиж байгаагийн илрэл аж. Өмнө нь стримингийн компаниуд алдартай найруулагчдыг өндөр үнээр өөртөө татаж, онцгой кино бүтээлээр өрсөлддөг байсан бол одоо зардал, үзэгчийн тоо, ашиг орлого илүү чухал болж байгаа бололтой.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ