Хууль бусаар борлуулж байсан 563.5 литр АИ-92 шатахууныг улсын орлого болголоо

img

 

Нийслэлийн Хяналт шалгалтын газраас явуулсан газрын тосны бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан зөрчилд холбогдох шалгалтын явцад харьяаллын дагуу шилжиж ирсэн зөрчлийн хэрэг 18 бүртгэгдэжээ.

Мөн хууль бусаар хадгалж, борлуулж байсан нийт 17 иргэний 563.5 литр АИ-92 бензинийг хураан авч, улсын орлого болгох саналтайгаар албадлагын арга хэмжээ авсан байна.

Шалгалтаар илэрсэн зөрчлүүд нь ихэвчлэн ахуйн зориулалттай хуванцар сав болон усны саванд шатахуун нөөцөлсөн байдалтай байжээ. Тухайлбал, иргэн Д.Түвшинжаргал 50 литр, Д.Мөнхсайхан 30, Б.Сүхбат 41, С.Эрхэмбаяр 20, Л.Үенч 20, Т.Өнөжаргал 60 литр АИ-92 бензинийг тус тус усны саванд савлаж, хууль бусаар хадгалж байсныг илрүүлсэн аж.

Газрын тосны бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авах, хадгалах, тээвэрлэх болон борлуулах нь хуулиар хатуу хориглосон үйл ажиллагаа юм. Энэ нь аюулгүй байдлын ноцтой эрсдэлийг дагуулдаг тул холбогдох хууль тогтоомж, журмыг зөрчсөн этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх гэнэ.

Нийслэлийн хэмжээнд холбогдох хяналт шалгалт үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд иргэн, аж ахуйн нэгжүүдийг хууль дүрэмд захигдаж, сонор сэрэмжтэй байхыг албаныхан онцгойлон анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ