СОНГУУЛЬТАЙ ЖИЛИЙН ТӨСӨВ

img

 

Ирэх оны төсөвт уул уурхайн орлогоор санхүүжүүлэх том амлалтууд багтжээ. Харин төсөвт тооцсон гурван их наяд төгрөг бодитоор орж ирэхгүй бол энэ эрсдэлийг хэн үүрэх вэ? Орж ирээгүй мөнгөөр төсөл төлөвлөж, зарцуулалтаа урьдчилан амлах нь бодит тооцоо гэхээсээ илүү  сонгуулийн өмнөх улс төрийн хүлээлт гэж харагдах шалтгаанууд олон байна.

Монгол Улс 2027 оны төсвөө хэлэлцэж байна. Ерөнхийлөгчийн сонгууль болох жилтэй давхцаж буй энэ төсөвт нэг том эрсдэл бий. Нэг нь Оюутолгойгоос орж ирнэ гэж тооцсон гурван их наяд төгрөг. Нөгөө нь уг мөнгийг бодитоор орж ирэхээс нь өмнө хэдийнэ хаашаа зарцуулахаа төлөвлөсөн явдал юм.

Засгийн газар 2027 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.28 их наяд, нийт зарлага ба цэвэр зээлийг 43.586 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн. Ингэснээр төсвийн алдагдал 2.306 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьтай тэнцэхээр байна. Өөрөөр хэлбэл, төр орлогоосоо илүү мөнгө зарцуулах төсөв өргөн барьсан. Төсөв алдагдалтай байх нь өөрөө гол асуудал биш. Харин тэр алдагдлыг нөхөх мөнгөө хаанаас олох, орж ирнэ гэж тооцсон орлого нь үнэхээр орж ирэх эсэх, хамгийн гол нь улсын мөнгөөр хийсэн ажил иргэдийн амьдралд бодит өөрчлөлт авчрах уу гэдэг нь чухал. Өөрөөр хэлбэл, мөнгөө яаж олох, юунд зарцуулах, зарцуулсан мөнгөнийхөө төлөө хэн хариуцлага хүлээх вэ гэдэгт л асуудлын гол нь.

Оюутолгойгоос 2027 онд төрийн эзэмшилд ногдох гурван их наяд төгрөгийн ногдол ашиг орно гэж төсөвт тооцсон. Үүнээс хоёр их наядыг улсын төсвөөр дамжуулан төсөл, арга хэмжээнд зарцуулж, нэг их наядыг Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Хоёр их наяд төгрөгөөр эрчим хүчний 17 төсөлд 1.8 их наяд, боомтын дөрвөн төсөлд 212 тэрбум, аж үйлдвэрийн паркийн хоёр төсөлд 33 тэрбум төгрөг зарцуулахаар танилцуулжээ. Үүн дээр сургууль, зам, эрүүл мэндийн тоног төхөөрөмж зэрэг бусад хөрөнгө оруулалтын асуудал бий. Эдгээрийн зарим нь Монгол Улсад үнэхээр хэрэгтэй. Дулаан, цахилгаангүй аймаг, тасалдалтай эрчим хүчний систем, муу зам, тоног төхөөрөмжгүй эмнэлэг зэрэг бол бодит асуудлууд. Гэхдээ ирэх онд орж ирэх нь бүрэн баталгаажаагүй орлогыг төсвийн тодорхой эх үүсвэр болгож, түүгээр олон ажил санхүүжүүлэхээр төлөвлөх нь хэр зөв бэ? гэдгийг дахин дахин асуух шаардлага байна. Оюутолгойн ногдол ашгийн хэмжээ, хуваарилах хугацааг Монголын талын төсөөлөлтэй ижил түвшинд баталгаажуулсан эсэхийг мэдэхгүй юм. Төрийн аудит ч төсвийн орлогын уул уурхай болон төрийн өмчит компаниудын ногдол ашгаас хамаарах байдал эрсдэл дагуулж байгааг анхааруулсан.

Гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг нэг их наядыг нь Хуримтлалын санд, үлдсэн хоёр их наядыг улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн зохицуулалттай холбоотой маргаан дагуулж байгаа. Одоогийн хуульд төрийн эзэмшлийн хувьцаанд ногдох ногдол ашгийг Хуримтлалын санд төвлөрүүлэхтэй холбоотой зохицуулалт бий. Харин Засгийн газрын төлөвлөгөөний дагуу хоёр их наядыг шууд улсын төсөвт ашиглахын тулд эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулах асуудал яригдаж байна. Улс орны бодит хэрэгцээ, нийтийн ашиг сонирхол шаардвал хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Үндэсний баялгийн сангийн мөнгө бол тухайн үеийн Засгийн газрын чөлөөтэй зарцуулах сан биш. Энэ бол байгалийн баялгийн үр өгөөжийг иргэдэд урт хугацаанд хүртээх зорилготой санхүүгийн механизм. Тиймээс ногдол ашгийг улсын төсөвт зарцуулах санал гаргаж байгаа бол Засгийн газар иргэдийн ирээдүйн хуримтлалаас төсвийн өнөөдрийн хөрөнгө оруулалтыг дээгүүр тавих ямар үндэслэл байна вэ? гэдгийг асуух л ёстой болж таарна. Эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулах нь зөв ч үүнийг хэрэгжүүлэхдээ Хуримтлалын сангийн үндсэн зарчмыг алдагдуулахгүй байх, төсвийн бусад зардлыг эрэмбэлж, шаардлагагүй зардлыг танах боломжийг давхар тооцох шаардлагатай. Мөн санхүүжилт авсан төслүүдийн өртөг, хэрэгжих хугацаа, бодит үр өгөөжийг нарийн тооцож, төсвийн мөнгө үр ашигтай зарцуулагдах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал.

Төрийн аудитын дүгнэлтэд 2027 оны төсвийн зарлага өмнөх оноос 32.2 хувиар өсөхөөр байгааг онцолжээ. Төрийн албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд 2.1 их наяд төгрөг тусгасан нь өрхийн орлогыг дэмжих боловч эрэлтээс үүдэлтэй инфляцын дарамт үүсгэх эрсдэлтэй гэж анхааруулсан байна. Мөн зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөвт үндэслэл, тооцоогоор хангалттай нотлогдоогүй, хэмнэлтийн шаардлага хангаагүй нийт 21.1 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах боломжтой гэж аудит үзжээ. Төсвийн зарлага огцом нэмэгдэж байхад хэмнэлт, үр ашиг, хариуцлага ч гэсэн түүнтэй дүйцэхүйц өндөр байх ёстой. Гэтэл хөрөнгө оруулалтын зарим төслийн өртөг, үр ашиг, нийгэм, эдийн засгийн нөлөөллийн тооцоо бүрэн, бодитой биш байгааг аудит мөн тэмдэглэжээ. Тэгэхээр бид төсөвт хэдэн сургууль, хэдэн станц, хэдэн зам нэмэгдсэнийг тоолохоос гадна хэд нь хугацаандаа ашиглалтад орох, хэд нь бодит хэрэгцээг хангах, төсөвлөсөн төгрөг бүр ямар үр дүн өгөхийг асуух шаардлагатай.

2027 он бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай жил. Ийм үед төсвийн шийдвэр бүрийг улс төрөөс ангид гэж харах боломжгүй. Эрчим хүчний томоохон төсөл, аймгийн дулааны станц, зам, боомт, цалин, тэтгэврийн нэмэгдэл бол бүгд иргэдэд шууд мэдрэгдэх асуудлууд. Эдгээрийг шийдэх нь төрийн үүрэг. Гэхдээ сонгууль ойртох тусам олон нийтэд харагдах, богино хугацаанд үр дүн амлах төслүүдийг урьтал болгох улс төрийн сэдэл нэмэгддэг. Төрийн аудитын дүгнэлтэд дурдсан орлого тасалдах эрсдэл, төсвийн зарлагын өсөлт, төслүүдийн тооцооны асуудал нь төсөвт анхаарах ёстой бодит эрсдэлүүдийг харуулж байна.

Оюутолгойн мөнгө орж ирэхгүй бол яах вэ?

Хэрэв гурван их наяд төгрөгийн ногдол ашиг төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй бол хоёр их наядаар санхүүжүүлэхээр төлөвлөсөн төслүүдэд ямар өөрчлөлт оруулах вэ? дахин зээл авах уу, бусад зардлыг танах уу, эсвэл төслүүдээ хойшлуулах уу?

Энэ хувилбаруудыг төсөв батлахаас өмнө тодорхой болгох нь Засгийн газрын үүрэг. Орлого тасарсны дараа аргацаах биш, урьдчилан тооцсон байх ёстой.

Уул уурхайн орлого өсөх үед төсвөө тэлээд, орлого буурах үед зээлээр нөхдөг байдал давтагдвал баялгийн өгөөж иргэдийн амьдралд тогтвортой сайжрал авчрахгүй нь гарцаа байхгүй үнэн. Харин төсөв эдийн засгийн савлагааг дагаж савладаг хэвээр үлдэнэ.

Баялгийн орлогыг ирээдүйд хадгалах уу, өнөөдрийн хэрэгцээнд зарцуулах уу гэдэг нь сонголт мөн. Гэхдээ аль ч сонголт баталгаатай орлого, хууль ёсны зохицуулалт, бодит үр ашгийн тооцоонд тулгуурлах ёстой.

Иргэдэд хэрэгтэй төсөв ямар байх вэ?

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны төсвийг иргэдээ бодсон төсөв хэмээн тодорхойлсон. Гэхдээ төсвийг иргэдэд ээлтэй болсон эсэхийг иргэдийн амьдралд гарах бодит өөрчлөлтөөр хэмжих байх. Цалин, тэтгэвэр нэмэгдэнэ гэдэг сайн хэрэг. Эрчим хүч, сургууль, эмнэлэг, дэд бүтцэд хөрөнгө оруулах нь ч зайлшгүй шаардлага. Харин энэ бүхнийг санхүүжүүлэх орлого хэр бодитой, зарцуулалт нь хэр оновчтой, эцсийн үр дүн нь иргэдэд хэрхэн хүрэх нь одоогоор бүрхэг. Эцсийн дүндээ төсөв бол улс төрчдийн амлалт биш, ард түмний мөнгөөр хүлээж буй хариуцлага юм. Монгол Улсад хөрөнгө оруулалт хэрэгтэй, иргэдэд орлогоо нэмэгдүүлэх боломж хэрэгтэй, улс орны хөгжилд томоохон төслүүд ч хэрэгтэй. Тиймээс 2027 оны төсөв үнэхээр иргэдээ бодсон төсөв мөн эсэх нь орлого нь хүрэлцэхгүй болсон ч улсын санхүүг хүндрүүлэхгүй авч явах тооцоотой, зарцуулсан мөнгө нь иргэдэд бодитоор өгөөжөө өгдөг, сонгуулийн дараа ч эдийн засагт дарамт үлдээдэггүй байж чадах эсэхээр хэмжигдэх биз. Оюутолгойн гурван их наяд төгрөг төсөвт орж ирвэл төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлэхэд дэм болно. Харин орж ирэхгүй бол яах вэ? Энэ асуултад урьдчилан бэлдсэн хариулттай байх нь төсөв боловсруулагчдын үүрэг.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ