ШИНЭ ӨРСӨЛДӨГЧӨӨС АЙДАГ ТОГТОЛЦОО

img

 

Нам байгуулах эрх хуулиар баталгаажсан ч түүнийг бодитоор хэрэгжүүлэх боломж хэр нээлттэй байна вэ? Энэ эрхээ хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын хаалга, хуулийн нарийн заалт, бүртгэлийн тайлбар бүрийг даван туулах шаардлагатай болдог.

Иргэдэд шинэ улс төрийн хүчин байгуулах эрх үнэхээр нээлттэй юу, эсвэл бид аль хэдийн тогтсон улс төрийн намуудын өрсөлдөх талбарт шинэ тоглогч оруулахгүй байх саад тотгорыг өөрсдөө бий болгочихсон уу?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал дээрх асуудлыг хөндөж буй. Сонгогчдын нэг хувийн дэмжлэгийг бүрдүүлэх шаардлага нь шинэ нам байгуулах босгыг хэт өндөрт тавьж, Улсын дээд шүүхийн бүртгэлийн оролцоо нь улс төрийн өрсөлдөөнд нэмэлт эрсдэл үүсгэж байна гэсэн түүний шүүмжлэлийн цаана Монголын ардчиллын нэг том асуудал бий.

Үндсэн хуулийн 19¹ дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт тусгасан энэ зохицуулалт 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр заасан. Харин 2024 оноос мөрдөж буй Улс төрийн намын тухай хуулиар нам байгуулахад 801 гишүүний мэдээлэл шаардаж байна.

Бодит асуудал нь тоон босгоос гадна, тэр босгыг хэрхэн тайлбарлаж, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг төрийн байгууллагууд хэрхэн хэрэгжүүлж байгаад оршиж байна. Улс төрийн нам байгуулахад тодорхой хэмжээний дэмжлэг шаардах нь зөв. Нийгэмд бодит суурьгүй, зөвхөн нэр төдий нам олноор байгуулагдахаас сэргийлэх үндэслэл бий. Гэхдээ энэ шаардлага иргэдийн улс төрийн оролцоог зохицуулах хэрэгсэл байхаас биш, шинэ өрсөлдөгчийг шүүх шалгуур болж хувирах учиргүй юм. Улсын дээд шүүхийн 2024 оны дөрөвдүгээр сарын 4-ний мэдээллээр, Д.Амартүвшингээс нам байгуулагдсаныг бүртгүүлэх хүсэлтийг 2023 оны аравдугаар сарын 16-нд анх ирүүлжээ. Шүүхээс 801 гишүүний мэдээлэл, нэр баталгаажуулснаас хойш бүртгүүлэх хугацаа болон бусад баримт бичигтэй холбоотой зөрчил байгааг мэдэгдсэн байна. Улмаар хүсэлт гаргагч 2024 оны гуравдугаар сарын 29-нд дахин өргөдөл гаргасан ч сонгуулийн санал авах өдрөөс 90 хоногийн өмнө бүртгэлийн ажиллагааг хүлээн авахгүй, хугацааг түдгэлзүүлэх зохицуулалт үйлчилсэн гэж тайлбарлажээ. Энэ кейсийг шүүх хууль зөрчсөн гэж шууд дүгнэхэд хэцүү. Тухайн үед мөрдөж байсан хуулийн хугацааны зохицуулалтыг шүүх тайлбарласан байдаг. Гэхдээ иргэдийн хувьд үр дүн нь юу байв? Шинэ нам байгуулах санаачилга гаргасан хүмүүс хэдэн сарын турш бичиг баримтын шаардлага хангах гэж ажиллаж, эцэст нь сонгуульд оролцох боломжийн хувьд хугацааны саадтай нүүр тулжээ.

Энэ бол Монголын улс төрийн тогтолцоонд тавих ёстой бодит асуулт. Шинэ нам байгуулах үйл явц хэт төвөгтэй, хугацааны хувьд таамаглах боломжгүй байвал иргэдийн улс төрийн оролцох эрх бодитой хэвээр үлдэх үү?

Гэхдээ үүнээс ч ноцтой асуудал бий. Нам байгуулахад шаардлагатай хүний тоог хуульд заасан байхад түүнийг хэрэгжүүлэх явцад тухайн тооноос илүү гишүүнтэй байх нь хүртэл саад болж болох уу?

ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн газрын 2025 оны эцсийн дүгнэлтэд Улсын дээд шүүх практикт 801-ээс цөөн төдийгүй 801-ээс олон гишүүний мэдээлэл ирүүлсэн өргөдлийг ч буцаадаг тухай дурдсан. Өөрөөр хэлбэл, хуульд “дор хаяж 801” гэж заасан байхад яг 801 хүний жагсаалт шаардаж, илүү гишүүний мэдээллийг буцаах практик байгааг тус байгууллага онцолжээ. ODIHR үүнийг эвлэлдэн нэгдэх эрхэд тавьж буй пропорциональ бус хязгаарлалт гэж үзсэн байна. Энэ бол улс төрийн өрсөлдөөний тухай маргааны хамгийн хүчтэй баримтын нэг юм. Шинэ нам байгуулах гэж байгаа хүмүүс 801 хүнийг цуглуулахад хангалтгүй. Тэдгээр хүний мэдээллийг шаардлагатай хэлбэрээр бүрдүүлэх ёстой. Гэтэл илүү олон хүн дэмжсэн байхад хүртэл асуудал үүсвэл хуульд тавьсан босго нь бодит амьдрал дээр иргэдийн эрхийг хөнгөвчлөх биш, харин захиргааны шалгуурыг улам хатууруулж байна гэсэн үг. Нам байгуулах эрхийг зөвхөн хуулийн заалтаар бус, тухайн заалтыг хэрэгжүүлэх байгууллагын арга барилаар хэмжих ёстойг ч сануулж байна.

Улсын дээд шүүхийн үндсэн үүрэг бол хууль дээдлэх ёсыг сахиулах, шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх явдал. Харин улс төрийн намын нэр, гишүүдийн мэдээлэл, бүрдүүлсэн материалын техникийн шаардлагыг шалгаж, бүртгэл хөтлөх нь захиргааны шинжтэй ажил мөн. Монгол Улсын Улс төрийн намын тухай хуульд намыг бүртгэх, бүртгэхээс татгалзах үндэслэлийг тодорхой заасан. Тухайлбал, намын дүрэм, хөтөлбөр хуульд харшлах, гишүүдийн тоо хүрэхгүй байх, бүртгэлийн мэдээлэлтэй холбоотой зөрчил илэрсэн тохиолдолд бүртгэхээс татгалзаж болно. Хууль мөн өргөдлийг шалгах, шаардлагатай бол зөрчлийг арилгуулах хугацааг тогтоожээ. Хуулийн шаардлага хангагдсан эсэхийг нягтлах нь хууль ёсны хяналтын асуудал бол улс төрийн намын бүртгэлийг шүүхийн байгууллагад төвлөрүүлсэн тогтолцоо нь институцийн чиг үүргийн зааг, хараат бус байдлын асуудлыг хөндөж байна. Шинэ нам байгуулах эрх нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн нэг хэлбэр. Тэгэхээр энэ эрхийг эдлэхийн тулд шүүхийн бүртгэлийн шатанд орж, материалын шаардлага, тайлбар, хугацааны асуудлаас шалтгаалан удаашрах эрсдэлтэй байх нь институцийн хувьд зөв зохион байгуулалт мөн үү гэдэг асуулт тавигдана. Улсын бүртгэлийн байгууллага бүртгэлийн ажлыг хариуцаж, татгалзсан шийдвэрт нь гомдол гаргах хараат бус шүүхийн хяналт ажилладаг тогтолцоог хэлэлцэх боломж бий. Энэ нь шүүхийг улс төрийн бүртгэлийн өдөр тутмын ажилд оролцуулахгүйгээр хууль ёсны байдлыг хянах үүргийг нь хадгалах хувилбар юм. Гэхдээ бүртгэлийг өөр байгууллагад шилжүүллээ гээд асуудал шийдэгдэхгүй л байх. Бүртгэгч байгууллага ч улс төрийн нөлөөнд автаж болно. Иймээс гол шаардлага нь байгууллагын нэрийг солих бус, бүртгэлийн шалгуурыг объектив, шийдвэр гаргах хугацааг тодорхой, татгалзсан шийдвэрийг шуурхай давж заалдах боломжтой болгох явдал байж болох юм. Шүүх бол улс төрийн өрсөлдөөний хаалгач биш, хууль ёсны байдлын эцсийн баталгаа байх ёстой.

2024 оны УИХ-ын сонгуулийн дүнг харъя. УИХ-ын 126 суудлаас МАН 68, АН 42, ХҮН нам 8, Үндэсний эвсэл 4, Иргэний зориг-Ногоон нам 4 суудал авсан. Ингэснээр таван нам парламентад төлөөлөлтэй болсон. Шинэ болон жижиг намууд сонгуулийн өрсөлдөөнд орж, төлөөлөл авах боломжтой. Үүний зэрэгцээ МАН, АН хоёр нийт 110 суудал буюу парламентын ойролцоогоор 87.3 хувийг эзэлж байна. Энэ бол Монголын парламентын улс төрд гуравдагч хүчнүүд бий боловч хоёр том намын нөлөө асар өндөр хэвээр байгааг харуулж буй тоо.

Шинэ нам байгуулахад шаардлага өндөр, бүртгэлийн үйл явц төвөгтэй, сонгуулийн өмнөх хугацааны хязгаарлалт хатуу байвал жижиг хүчнүүд өрсөлдөөнд орохоосоо өмнө л зардал, хугацаа, зохион байгуулалтын дарамт үүрнэ. Харин олон жилийн турш ажилласан том намууд бэлэн бүтэц, танигдсан нэр, санхүүжилтийн туршлага, орон нутгийн сүлжээтэй. Ингэснээр улс төрийн өрсөлдөөн хууль эрх зүйн хувьд нээлттэй боловч бодит нөхцөл дээр оролцогч талууд ижил боломж, ижил гарааны нөхцөлөөр өрсөлдөж чадахгүй байна. Монголын улс төрийн түүхийг харахад МАН, АН хоёр төрийн эрх мэдлийн гол төв байсаар ирсэн. Нэг нь засгийн эрхийг барьж, нөгөө нь сөрөг хүчин болж, дараагийн сонгуулиар байр сууриа солих боломжтой. Энэ өрсөлдөөн өөрөө ардчиллын нэг хэсэг. Гэхдээ асуудал нь эрх мэдэл ээлжилж шилжихэд биш. Харин иргэдэд энэ хоёрын аль нэгийг сонгохоос өөр бодитой сонголт хангалттай бий юу гэдэгт оршино.

Улс төрд шинэ нам гарч ирэхэд иргэдийн бухимдлыг өөр хэлбэрээр илэрхийлэх, хуучин намуудын орхигдуулсан асуудлыг хөндөх, шинэ үеийн төлөөллийг бий болгох боломж нээгддэг. Харин шинэ нам байгуулахын тулд эхлээд бүртгэлийн босгыг давж, дараа нь санхүүжилт, бүтэц, нэр хүндийн тэгш бус өрсөлдөөнтэй нүүр тулах шаардлагатай болбол олон нийтийн шинэ сонголт бодит улс төрийн хүчин болж төлөвшихөд улам хэцүү болно.

Иргэд хуучин намуудад сэтгэл дундуур байна. Гэвч шинэ сонголт бий болгоход өндөр өртөгтэй. ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн газар 2025 оны дөрөвдүгээр сарын урьдчилсан дүгнэлтдээ 801 гишүүний шаардлага, намын бүртгэлийн шалгуур, хугацааны тодорхой байдлын асуудлыг авч үзсэн. Тус байгууллага хамгийн бага дэмжлэгийн шаардлага нь жижиг намуудын улс төрийн үйл ажиллагааг хэт хязгаарлахгүй, бодитой, ардчилсан үндэслэлтэй байх ёстойг онцолсон байна. Тэгэхээр дээрх шалгуур нь иргэдийн улс төрийн эрхийг хамгаалж байна уу, эсвэл тэр эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагагүй хүндрэл бий болгож байна уу? гэдгийг мухарлах ёстой. Нам байгуулахад шаардлагатай гишүүдийн тоог үндэслэлтэй тогтоож болно. Гэхдээ гишүүдийн мэдээллийг техникийн алдаанаас болж буцаахдаа засах боломж олгодог байх, илүү олон гишүүнтэй байхыг хориглодоггүй байх, шийдвэр гаргах хугацаа урьдчилан тодорхой байх ёстой. Улс төрийн шинэ хүчнийг дэмжсэн иргэдийн эрхийг зөвхөн бүртгэлийн баримт бичгийн алдаанаас болж үгүйсгэх нь ардчиллын зорилготой нийцэхгүй. Тиймээс 2028 оноос хэрэгжих Үндсэн хуулийн нэг хувийн босгыг дахин нягтлах шаардлагатай. Хэрэв энэ нь нийт сонгогчдын ойролцоогоор 25 мянган хүний дэмжлэг шаардах хэмжээнд хүрвэл улс төрийн нам байгуулах эрхийг бодитойгоор эдлэх боломжид хэрхэн нөлөөлөхийг хууль тогтоогчид урьдчилан тооцох ёстой. Мөн намын бүртгэлийг шүүхийн өдөр тутмын ажиллагаанаас салгаж, мэргэжлийн бүртгэлийн байгууллагаар хариуцуулах хувилбарыг хэлэлцэх хэрэгтэй. Гэхдээ бүртгэлийн байгууллагын шийдвэрийг хараат бус шүүхээр хянуулах эрхийг хэвээр хадгалах нь чухал. Түүнчлэн бүртгэхээс татгалзсан тохиолдолд үндэслэл нь ойлгомжтой, хуулийн тодорхой заалтад тулгуурласан, давж заалдах боломжтой байх ёстой. Бүртгэлийн журам нь хуулиас давсан нэмэлт шаардлага бий болгож болохгүй. Ингээд сонгууль болохоос өмнөх бүртгэлийн хугацааны хязгаарлалтыг шинэ намын эрх ашигтай нийцүүлэн дахин үнэлэх хэрэгтэй. Сонгуульд оролцохын тулд намыг бүртгүүлэх шаардлагатай атлаа сонгуулийн өмнөх хугацаанд бүртгэл хүлээн авахгүй байх зохицуулалт үйлчилбэл шинэ улс төрийн хүчний хувьд алдах хугацаа нь дараагийн сонгууль хүртэлх бүхэл бүтэн мөчлөг болж хувирна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ