С.ЦЭНГҮҮНИЙГ ''ХУЛХИДСАН'' МАН-ЫН ГИШҮҮД
ТӨСВӨӨ ИЛ БОЛГОХ ХУУЛЬД ГАРЫН ҮСЭГ ЗУРЧХААД, ӨӨРСДӨӨ УНАГАВ
Төсвийн зарцуулалтыг ил тод болгоё гэж хуулийн төсөлд хамтран гарын үсэг зурсан атлаа санал хураахад эсрэг санал өгнө гэдэг улс төрийн ямар соёл байж болох уу?
Татвар төлөгчдийн мөнгийг юунд, ямар зориулалтаар, хэдий хэмжээгээр зарцуулахыг олон нийтэд ил тод харуулах хуулийн төсөл УИХ-ын босго давсангүй. С.Цэнгүүн тэргүүтэй 31 гишүүний өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэх эсэх санал хураалтаар 92 гишүүн оролцсоноос 52 нь эсрэг санал өгчээ. Эндээс хамгийн их анхаарал татаж буй зүйл нь хуулийн төсөл дэмжлэг аваагүй явдал төдий биш. Төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлэх хуулийг хамтран санаачилж, гарын үсэг зурсан зарим гишүүн эцсийн санал хураалтаар эсрэг санал өгч С.Цэнгүүн гишүүнийг хулхидчихаж. УИХ-ын гишүүн С.Цэнгүүн энэ асуудлыг шүүмжилж, хамтран санаачилсан МАН-ын гишүүд өөрсдөө хуулийн төслийг унагахад хүргэсэн гэж мэдэгдсэн.
О.Батнайрамдал, Б.Баярбаатар, М.Ганхүлэг, Ч.Анар нарын хувьд санал хураалтад эсрэг санал өгчээ. Г.Лувсанжамц хуулийг дэмжсэн хэвээр гэдгээ хэлээд, санал хураалтын үеэр өөр ажил давхацсан тул оролцож чадаагүй хэмээн уснаас хуурай гарах гэж зүтгэсэн ч татгалзсанд тооцогдсон. Харин хуулийг хамтран өргөн мэдүүлсэн Б.Бат-Эрдэнэ, Д.Бум-Очир, Б.Заяабал нар тухайн өдөр гадаад томилолттой байсан тул чуулганы хуралдаанд оролцоогүй байна.
Хуулийн төслийн гол зорилго нь төсвийн мэдээллийг илүү нарийвчилж, иргэдэд цахимаар нээлттэй болгох явдал байв. Ингэснээр төсөв батлагдахаас өмнө ямар зардал төлөвлөж байгааг олон нийт харж, шаардлагатай бол асуулт тавих боломж нэмэгдэх байлаа. Улсын төсөв бол татвар төлөгчдийн мөнгө. Иргэн хүн төрийн байгууллага ямар зардал төлөвлөж, ямар ажилд хэдэн төгрөг зарцуулах гэж байгааг ойлгомжтой мэдээллээс харах эрхтэй байх ёстой. Тэгвэл ийм ил тод байдлыг нэмэгдүүлэх хуулийн төслийг эсэргүүцэхэд ямар үндэслэл байсан бэ? Хуулийн төслийг хамтран санаачилсан атлаа эсрэг санал өгсөн бол яагаад байр сууриа өөрчилснөө тайлбарламаар л юм.
УИХ-ын гишүүн хуулийн төсөлд гарын үсэг зурахдаа нэг байр суурь илэрхийлж, санал хураалтын үеэр өөр шийдвэр гаргаж болно. Улс төрийн нөхцөл байдал, хэлэлцүүлгийн явцад байр сууриа өөрчлөх нь өөрөө хууль бус үйлдэл биш. Гэхдээ дэмжиж гарын үсэг зурчихаад дундаас нь хулхидаад алга болох нь санаатай үйлдэл гэж хардахад гэмгүй санагдана. Ялангуяа төсвийн мөнгөний зарцуулалтыг ил тод болгох асуудал дээр энэ шаардлага улам өндөр тавигдах ёстой байв. О.Батнайрамдал, Б.Баярбаатар, М.Ганхүлэг, Л.Соронзонболд, Ч.Анар, Г.Лувсанжамц нарын хувьд санал хураалтын баримт болон өөрсдийн тайлбарыг олон нийт зэрэгцүүлэн харах эрхтэй. Татвар төлөгчдийн мөнгө хаашаа урсаж байгааг ил болгох хуулийг дэмжихгүй байх ямар шалтгаан байв? Өөрсдөө хамтран санаачилж, гарын үсэг зурсан хуулиасаа буцсан бол юунаас болж байр сууриа өөрчилснөө тайлбарлах зориг байна уу?
Төсвийн мөнгийг захиран зарцуулахдаа төр ил тод байх ёстой. Харин ил тод байдлыг шаардахад таг дуугүй суухаар шийдсэн гишүүд хэний эрх ашгийг хамгаалж буйгаа хариулчихмаар байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ