Хотын даргын амлалт хайчив...

img

 

Хүйтний ам наашилсан энэ үед Улаанбаатарын замын түгжрэл эрс нэмэгдэж, "Тэг" зогсолттой өдрүүд олширч, хүүхэд хөгшидгүй автобусны буудал дээр хонохоос наагуур болж байна. Харин нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нэг бус удаа автобусны тоог нэмэгдүүлж, өвлийн хүйтэнд хүүхэд, ахмад настнуудыг автобус удаан хүлээлгэхгүйгээ амласан байдаг. Гэвч тэрээр энэ амлалтаа мартсан бололтой. Ард иргэд аль хэдийн автобус хүлээлт, замын түгжрэлээс залхаж, даарч, алхсан нэг нь халтирч унан эмнэлэг бараадсаар...Харин хотын дарга шинэчлэлийн талаар мэдээлсээр...

Хамгийн сүүлд холбогдох байгууллагын мэдээлсэнээр Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд 16 шинэ чиглэл нээж, дунд оврын 46 автобус үйлчилгээнд нэвтрүүлэхээр болсон. Энэ нь нийтийн тээвэр болон том оврын автобус явах боломжгүй нарийн гудамжтай, алслагдсан болон гэр хорооллын бүсийн иргэдийн зорчих хэрэгцээг хангахад зориулагдсан арга хэмжээ юм.

Мөн тэрээр 2026 оны есдүгээр сарын 15-нд нийтийн тээвэр хүрдэггүй алслагдсан байршлуудад богино эргэлтийн 16 шинэ чиглэл нээж, 27.3 километр замын сүлжээ нэмж, 46 дунд оврын автобус явуулахаа мэдэгдэж байсан.Түүнчлэн хүүхдийн автобусны тоог 50-аар нэмэгдүүлж, нийтийн тээврийн хуваарийг мөрдүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосоноо хэлж байсан.

Тэгвэл төв замын ачаалал ихтэй чиглэлүүдэд өнөөдрийн байдлаар хэдэн автобус явж байна вэ? Нийслэлийн хэмжээнд өдөрт дунджаар 1,170 гаруй автобус үйлчилгээнд гардаг бөгөөд Нийтийн тээврийн газар болон зорчигчдын хэлж буйгаар хамгийн олон хүн зорчдог М:1 буюу “5 шар–Офицеруудын ордон” чиглэлд 75 автобус тогтмол явж, жилд 19 сая зорчигч (давхардсан тоогоор) тээвэрлэдэг байна.

Түүнчлэн алслагдсан гэр хорооллын автобусны тоог нэмэх нь нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх ч төв замын түгжрэлийг бууруулах үр дүнд нь авто замын түгжрэл буурна гэсэн үг биш юм. Нийтийн тээврийн хүртээмжээс шалтгаалан замын түгжрэлийг бууруулахын тулд иргэдэд тохирсон чиглэл, тогтмол давтамж, оргил цагийн нэмэлт үйлчилгээ, автобусны замын хөдөлгөөнд саадгүй оролцох нөхцөл шаардлагатай. 

Тиймээс нийслэлийн удирдлага “46 автобус явуулна” гэсэн бас нэгэн амлалтаа дахин дахин давтахаас илүүтэй хэдэн автобус нэмж үйлчилгээнд гаргасан болон автобусны хүлээлт хэдэн минутаар багассан, төв замын түгжрэлд ямар өөрчлөлт гарсныг бодитоор мэдээллэх хэрэгтэй байна. Учир нь ард иргэдэд хэрэгтэй зүйл нь автобусны шинэ чиглэлийн тоо бус,өвлийн хүйтэнд  буудал дээр бага хүлээж, зорьсон газартаа хугацаандаа хүрэх боломж юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ