ХӨХ ХОТЫН ШИНЭ НИСЭХ БУУДАЛ 11-Р САРЫН 26-НД НЭЭГДЭНЭ
БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны төв Хөх хотын Шэнлэ олон улсын нисэх онгоцны буудал 2026 оны арваннэгдүгээр сарын 26-ны 00:00 цагаас үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болжээ.
Хөх хотын захиргаа болон Өвөр Монголын Иргэний нисэхийн нисэх буудлын группээс аравдугаар сарын 19-нд гаргасан албан мэдэгдэлд шинэ нисэх буудлын барилгын ажил бүрэн дуусаж, хүлээн авах шалгалтыг давсан бөгөөд ашиглалтад шилжүүлэх бэлтгэл ажил үргэлжилж байгааг дурджээ. Шинэ буудал ашиглалтад орохтой зэрэгцэн Байта олон улсын нисэх буудал үйл ажиллагаагаа зогсооно.

Шэнлэ нисэх буудал нь Хөх хотын төвөөс ойролцоогоор 40 километрийн зайд байрлах бөгөөд нийт 23 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар баригдсан байна.
Тус нисэх буудал нь 3,400 болон 3,800 метрийн урттай хоёр хөөрч, буух зурвастай. Терминалын барилга нь ойролцоогоор 320 мянган ам метр талбайтай бөгөөд жилд 28 сая зорчигч хүлээн авах, 320 мянган тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгджээ.
Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор Хөх хотын агаарын тээврийн дэд бүтэц өргөжиж, бүс нутгийн тээвэр, логистикийн зангилаа болох боломж нэмэгдэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ