ГУРВАН НАСТАЙ ХҮҮГИЙН АМИЙГ ХӨНӨӨСӨН ХОЙД ЭЦЭГТ НЬ БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЛОО
2023 оны гуравдугаар сард гурван настай дагавар хүүгээ зодож, улмаар амь насыг нь хохироосон хэрэгт холбогдсон М.Э-д анхан шатны шүүхээс бүх насаар хорих ял оноолоо. Харин хүүгийн төрсөн эх Ц.Л-д хоёр жилийн хорих ял шийтгэсэн байна.
Хэргийн үйл явц
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар М.Э нь 2023 оны нэгдүгээр сарын 10-наас гуравдугаар сарын 2-ны хооронд гурван настай дагавар хүүгээ үгэнд ордоггүй гэх шалтгаанаар удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодод нь халдаж байжээ.
Улмаар 2023 оны гуравдугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүүг хүчиндэхийг завдаж, уг үйлдлээ нуун далдлах зорилгоор зодож, амь насыг нь хохироосон гэж буруутгасан байна.
Тухайн үед хүүгийн биеийн байдал хүндэрсэн ч эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлээгүйн улмаас тархины хүнд гэмтэл авчээ. Хүүг эмнэлэгт хүргэж, эмчилгээ хийлгэсэн боловч биеийн байдал нь сайжраагүй тул олон нийтийн хандиваар Турк улсад эмчлүүлэхээр явуулсан байна. Гэвч хүү 2023 оны аравдугаар сарын 20-нд хилийн чанадад нас барсан юм.
Хүүгийн төрсөн эх Ц.Л-г хүүхдээ асран хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эмнэлгийн тусламжийг цаг тухайд нь үзүүлээгүйн улмаас хүүхэд нас барсан хэрэгт буруутгажээ.
Шүүхийн шийдвэр
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх М.Э-г бага насны хүүхдийг онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнөөсөн, бага насны хүүхдийн эсрэг хүчиндэхийг завдсан, хүүхэдтэй удаа дараа хэрцгий харьцсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцжээ.
Ингээд М.Э-д бүх насаар хорих ял оноож, урьд өөр хэрэгт оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хугацааг нэмж нэгтгэн, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Харин Ц.Л-г хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд нас барсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хоёр жилийн хорих ял оноожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ